ГХЯ цэцэрлэгийн байраа засч байна

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

ГХЯ цэцэрлэгийн байраа засч байна

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын гурван яам дэргэдээ ажилчдынхаа хүүхдийг хүлээж авах цэцэрлэгийг тохижуулж, байгуулахаар болсон. Нэрлэгдсэн яамдын нэг нь Гадаад харилцааны яам. Сүхбаатар дүүргийн 16 цэцэрлэгтэй зэргэлдээ АСЕМ-ын бэлтгэл ажлын албаныхан байрлаж байсан барилгын хоёр давхрыг тэр чигт нь гурван бүлэгтэй 75 хүүхдийн цэцэрлэг болгохоор засварын ажлыг яамныхан эхлүүлсэн байна. Улсын төсвийн санхүүжилтээр 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулахад дунджаар 870 орчим сая төгрөг, жилийн үйл ажиллагааны зардалд 250-300 сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Төсвийн хүндрэлтэй ийм үед Гадаад харилцааны яам ажилчдынхаа цалингийн хандиваар цэцэрлэгийн барилгын засварын ажлыг эхлүүлжээ.

Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэг болно. Ингэснээр 16 дугаар цэцэрлэгийн гаднах талбайд яамны цэцэрлэгийн хүүхдүүд тоглох боломжтой болжээ. Цэцэрлэгийн тохижилтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөснөөр стандартын дагуу хийж буйгаа яамныхан тайлбарлалаа. Уг цэцэрлэгт Гадаад харилцааны яамны ажилчдын 65 хүүхэд, Эрүүл мэндийн яамны ажилчдын 10 хүүхэд хамрагдах юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж