Ахмадууд намдаа ардчиллын салхи оруулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

Ахмадууд намдаа ардчиллын салхи оруулахыг шаардлаа

Ардчилсан нам энэ ондоо багтаан их хуралдайгаа хийж, намын удирдлагуудаа нээлттэйгээр сонгох учиртай. Ингэж байж намын цаашдын бодлого, мөрийн хөтөлбөрүүдээ батлаад явах ёстой гэж Ардчилсан намын ууган гишүүд  болон АН-ын нэгдсэн намуудын ахмадууд мэдэгдэж байна.  Тэд АН-ын үндэсний зөвлөлдөх хороо  яаралтай хуралдаж, намын үндсэн дүрэм, шинэ үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг намын нийт ахмад, залуу гишүүд, улс төр судлаачдыг оролцуулж байгуулахыг шаардлаа.

Мөн намын их хурал зохион байгуулах ажлын хэсгийг намын дэргэдэх байгууллага анхан шатны нам, үүр, намаа шинэчлэх хөдөлгөөний төлөөллийг тэгш оролцуулан бүрдүүлэх ёстойг ч санууллаа.  Ардчилсан нам 2016 оны ээлжит сонгуульд ялагдахаас гадна толгойгүй, замбараагүй, хагаралтай болсон нь тус намын удирдлага, фракцуудын явуулга гэж ахмад гишүүд тодорхойлж байна. Иймээс тэд зургаан жил намынхаа их хуралдайг хийгээгүй, намдаа ардчиллын салхи оруулаагүй дотроо дайтсан ардчиллыг зогсоохыг хүсч байгаа аж. Ардчиллын энэ зураглал бусад намуудад ч халдварлаж эхэлсэн гэж Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн Х.Ганбаатар ярилаа. Мөн ардчилсан нам хэдхэн фракцын толгойлогчдын мөнгө олох, албан тушаал, эрх мэдэл  наймалцаадаг хэрэгсэл болсныг ч шүүмжиллээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж