Монголын хамгийн ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртдөг гэсэн судалгааг өнөөдөр /2016.08.24/ НҮБ-ын Хүүхдийн сангаас танилцууллаа.
Энэхүү судалгаагаар бүх насны бүлгийн хүүхдийн хувьд усан хангамж, ариун цэврийн нөхцөл байдал томоохон тулгамдсан асуудал болох нь харагджээ. Ялангуяа хөдөө орон нутагт 5-14 болон 15-17 настай хүүхдийн тэн хагасаас илүү нь ундны цэвэр усны хүртээмж хангалтгүй бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн асуудалтай тулгарч байгаа аж. Уг гачигдлын хүнд, илүү ноцтой байдал хөдөө орон нутагт, тэр дундаа Хангайн бүсэд илүүтэй тохиолдож байна.
Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Крис де Ньюбург хэлэхдээ “Монгол Улсад хүүхдийн ядуурал байгаа гэдгийг мэдэж байсан. Гэхдээ энэ удаагийн судалгаагаар хүүхдийн орлогын ядуурлаас илүүтэйгээр хүүхдийн олон хэмжээст ядуурал буюу хүүхэд ямар нэгэн хэрэгцээгээр гачигдаж байгаа эсэхийг судалсан юм. Жишээ нь, Монгол Улсад усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон сууц зэргээр бага насны хүүхдүүд гачигдаж байгаа нь харагдсан” гэв.
Хүүхдийн ядуурал насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг гэж үздэг. Учир нь хүүхэд орлогогүйгээс гадна өрхийн хэрэглээний талаар шийдвэр гаргахад оролцдоггүй тул хүүхдийн ядуурлыг тухайн өрхийн орлого, зарлагаар хэмжих нь дутагдалтай. Тиймээс хүүхдийн ядуурлыг орлогоос бусад хэмжээс буюу гачигдлаар тодорхойлох шаардлагатайг албанынхан онцолж байв.
Мөн Монгол Улсад хүүхдийн сургуульд хамрагдалт харьцангуй өндөр байдаг боловч сургалтын чанар үр дүн хоцрогдолтой байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.
Монгол Улсын Засгийн газраас өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр халамжийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч хүүхдийн амьдарч буй орчин нөхцөлд илүү анхаарах шаардлагатай байгаа нь үүнээс харагдаж байна.
Монгол улсын ирээдүйн ерөнхийлөгч, сурган хүмүүжүүлэгч, дуучин, тамирчид зэрэг манлайлагчид өнөөдөр төрж, өсч байна. Тиймээс гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ анхаарах хэрэгтэй байгааг албаныхан дурдлаа.
Энэхүү судалгааг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас хоёр жилд нэг удаа хийдэг нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа болон өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг тулгуурлан хийжээ.