Италийн төв хэсгийн уулархаг бүс нутагт өнгөрсөн мягмар гаригт (2016.8.23) хүчтэй газар хөдөлснөөс амь үрэгдсэн хүмүүсийн тоо 159 хүрчээ. Мөн 368 хүн гэмтэж бэртэн, олон хүн сураггүй болжээ. 6.2 магнитудын газар хөдлөлтийн голомт Ром хотоос баруун өмнө зүгт 100 орчим км зайтай орших Перугиад болсон аж. Газар хөдлөлтийн голомтод ойр орших Амартис хотын барилга байгууламжийг дөрөвний гурав нь нурж сүйдсэн бөгөөд 86 хүн амь үрэгджээ.
Нурангид дарагдсан хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирогчдын тоо өсөх хандлагатай байна. Аврагчид хүнд техник хэрэгсэл ашиглах боломжгүй нөхцөлд нүцгэн гараараа нурангийг зайлуулан дарагдсан хүмүүсийг аврахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ нуранги дороос 17 цагийн дараа эсэн мэнд аврагдсан найман настай охин олны дунд итгэл найдварын бэлэг тэмдэг болж байна. Италийн ерөнхий сайд Маттьё Рензи гамшигт өртсөн бүс нутагт очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
Газар хөдлөлтийн дараа гурван удаа хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн талаар оршин суугчид мэдээлжээ. Харин Италийн геофизик, галт уулын судалгааны үндэсний институтын мэдээлснээр газар хөдлөлтөөс хойш өчигдрийг хүртэлт 200 орчим удаа их бага чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ. Одоогоор эрдэмтэд газар хөдлөлтийн шалтгаан тектоник хавтангийн мөргөлдлөөс болсон эсэхээр маргалдаж байгаа аж.
Өмнө нь Италид 2009 онд хүчтэй газар хөдөлснөөс 300 гаруй хүн амь үрэгдэж байжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС