УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Санал нийлэхгүй асуудал нэлээд байна. Манай МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байна. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх гэсэн юм.
Төрийн өмчийн компанийн захирлууд нэлээд их цалин авдаг юм шиг байна лээ. Тиймээс тэр хэмжээний цалинг хасах нь зөв. Гэхдээ төрд ажиллаж байгаа хэн ч гэсэн цалингаа хасуулах дургүй л дээ. Би нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч амьдралаа залгуулдаг. Энэ цалингаа хасуулчихвал миний хүүхдүүд юу идэж амьдрах юм. Цалин бол тэр хүний амьжиргааны эх үүсвэр юм.
Нэг аймагт зургаан ширхэг соёлын төв барих үрэлгэн зардлыг танамаар байна. Мөн дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Дэд сайдын туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Тиймээс дэд сайдуудаа татаад авчих хэрэгтэй.
Харин архи, тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлыг буруу гэж харахгүй байна. Гэхдээ хуурамч архины худалдаанд хяналт тавьж чадна гэж хэлэхэд хэцүү.
Хувь хүний орлогын албан татварыг тэр дундаа эгэл жирийн бизнес хийдэг хүмүүсийн татварыг нэмж байгаа нь буруу. Өмнө нь МАН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Тэгж ярьж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад байдаг атал МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй” гэсэн юм.
Т.ДАВААНЯМ