Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

1947 оны 6 сарын 24-нд бизнесмен Кэнэт Арнольд хувийн онгоцоор Вашингтон мужын уулан дээгүүр нисч явахдаа асар өндөр хурд бүхий 9 нисдэг биет онгоцных нь хажуугаар нисэн өнгөрөхийг харжээ. Зорьсон газраа хүрсэн Арнольд харсан зүйлээ нисэх буудлын ажилчдад ярив. "Өмнө нь огт харж байгаагүй таваг мэт хэлбэртэй нисдэг биет дуунаас ч илүү хурдалж, давалгаа мэт долгиолон нисч байсан". Цуурхал сонссон сурвалжлагч нар ч хүрэлцэн ирж, тухайн үед хараахан бүтээгдээгүй байсан дуунаас хурдан нисэх төхөөрөмжийн тухай яриаг тэр дор нь америк даяар тараажээ. Мэдээлэл нийтлэсэн нэгэн сонин үл таних нисдэг биет (ҮТНБ)-ийг "нисдэг таваг" хэмээн нэрлэснээр амeрикийн орчин үеийн түүхийн хамгийн нууцлаг домог болох нисдэг тавагний түүх эхлэв. 3 хоногийн дараа саарал өнгийн нисдэг биет Калифорни мужид "үзэгдсэн" бол дараагийн өдөр нь Висконсон мужийн тариан талбай дээгүүр нисдэг таваг "нисэн өнгөрөв". ҮТНБ-ийг харж, арми болон цагдаагийн газарт дуудлага өгсөн хүний тоо огцом нэмэгдэж, Арнольдийн гэрчилсэн үйл явдлаас хойших гурван долоо хоногийн дотор 850-д хүрэв. Ийнхүү нийгэм дэх нисдэг тавагний "халуурал" хуурай өвсөнд гал тавьсан мэт дүрэлзжээ.

Амeрикийн орчин үеийн түүхээр мэргэшсэн, Юта их сургуулийн профессор Роберт Голдберг тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйн онцлог үзэгдлийн талаар өгүүлэв. "Тэнгэрт нисэх "нисдэг таваг" хэмээх нэр хүмүүст туйлийн тааламжтай, хүлээн авахад хялбар байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тогтооход амархан иймэрхүү үгэнд туйлын мэдрэмтгий ханддаг. Иймд Арнольдийн гэрчилсэн үйл явдал онцгой үзэгдэл мэт хүмүүсийн анхаарлыг татаж, судлаачдын санаа бодолд ч нөлөөлөх болсон" гэжээ. "Нисдэг таваг" анх үзэгдсэнээс хойш 1 сарын дараа алдартай судлаачдын баг олон нийтийн санаа бодлын талаар өвөрмөц судалгаа хийжээ. "Нисдэг тавагны талаар та юу бодож байна" гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 33.7 хувь нь "тодорхой мэдэхгүй байна", 30.1% нь "хий үзэгдэл, буруу харсан зүйл байх" гэх мэтчилэн хариулсан боловч сансраас ирсэн биетийн тухай хариулт нэг ч үгүй байв. Үнэндээ 1947 оны үед нисдэг таваг харийнхны тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт байсангүй. Харин "орос болон америкийн цэргийн нууц зэвсэг байх" гэсэн хариулт тодорхой хувийг эзлэж байв. Тухайн үед дэлхийн 2-р дайн дөнгөж дууссан, их гүрнүүд сөргөлдөөний байдалд орж, цэргийн зэвсэглэлийг идэвхтэй хөгжүүлж байсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.

үргэлжлэл: robomec.blogspot.jp

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж