Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга цагдаагийн газрынхаа даргыг солиулах санал тавьжээ
- Эдийн засгийн хямралаас гарах гарц нь ганц тулгуурт өнөөгийн санхүүгийн системийн бүтцийг өөрчлөх, хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэх замаар эдийн засгийн хямралыг давах боломж гэж Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоог үүсгэн байгуулагч Д.Ангар мэдээлж байна. Тиймээс олон нийтийн санхүүгийн мэдлэгийг зузаатгах, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, олон нийтийн харилцааг хангах, биржийн бус зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй болжээ.
- Хотоо хөгжүүлэх хүсэлтэй ч, тулгамдсан асуудлаа нийслэлийн удирдлагатай хамтран шийдэх саналтай иргэдийн төлөөлөл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзаж, асуудлаа танилцууллаа. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Мөнхтулгын тухайд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүсэлтэй. Тэрбээр Улаанбаатар хот замынхаа тэмдэг, тэмдэглэгээг нэг стандарттай, ойлгомжтой болгож өөрчлөхгүй бол одоогийн түгжрэл буурахгүй гэж үзэж байна.
- Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар Засгийн газрын гишүүдтэй санал солилцох уулзалт хоёр дахь өдрөө өчигдөр үргэлжлэлээ. Уулзалтанд Хууль, зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт оролцож салбарынхаа хэтийн зорилгоо танилцууллаа. Танилцуулгын дараа орон нутгийн төлөөлөгчид хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Манай аймгийн цагдаагийн дарга н.Отгонбат энэ албан тушаалыг 10 жил хашиж байна. Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн хүчний байгууллагыг улстөржүүлж, захиалгаар хэрэг шалгадаг байсан. Иймд энэ хүнийг сольж, өөр хүн томилуулмаар байна” гэжээ.
- Өнгөрсөн 7 дугаар сарын 20-ноос эхлэн жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар 6 дугаар сард жолооны курс төгссөн төгсөгчдийн жолооны үнэмлэх хэвлэж байгаа юм байна. Жолооны үнэмлэхийг “Смарт солушин” компани хэвлэж байгаа бөгөөд иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.Замын цагдаагийн газарт жолооны үнэмлэх шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулах хүсэлтэй 40 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэх юм. Үүнээс одоогийн байдлаар дөрөв, тавдугаар сард жолооны курс төгссөн 20 мянга орчим төгсөгчид үнэмлэхээ авсан байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар өнгөрсөн хоёр өдөр Төрийн ордонд чууллаа. Тэд ирэх дөрвөн жил Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтад хамрагджээ. Сургалт семинарын үеэр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ирэх дөрвөн жилд орон нутгийн удирдлагуудаас хатуу хариуцлага нэхэж ажиллана гэдгийг онцлоод “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төв орон нутгийн уялдаа холбоо, гар сэтгэл нийлж ажиллах явдал чухал гэдгийг анхааруулсан байна.