Төсвийг алдагдлаас ангижруулах МАН-ын төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.08.24-нд нийтлэгдсэн

Төсвийг алдагдлаас ангижруулах МАН-ын төлөвлөгөө

Төсвийн алдагдлын хэмжээ тэрбумыг хэдийнэ давж, ам.долларын ханш ойрын жилүүдэд үзэгдээгүйгээр өсч, 54 мянган аж ахуйн нэгж үүд, хаалгаа бариад байгаа гээд тоочоод байвал бүр Монгол Улсын эдийн засгийн байдал наастр /настроение/ навс унахаар хэмжээнд хүрээд байна. Улс орны рейтинг ч олон улсын төвшинд шалдаа бууж орхилоо. Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл "B" байсныг "B-" болгож бууруулснаа мэдэгдэж байна. Энэ бүхнээс үүдэн манай улсын эдийн засаг 1990 оноос хойш тохиогоогүй хүнд нөхцөл байдал биднийг хүлээж байна хэмээн төв банкны албан тушаалтан тун гутранги мэдээлж байх юм. УИХ-ын гишүүд, тэр дундаа эрх баригчид илт давуу ялалтдаа баярлах бус гомдохоор байдалд орчихов бололтой.

Өмнөх Засгийн үед боловсруулж, УИХ-аар баталсан төсөвт но-той ноцтой зүйл багагүй байгааг албаныхан мэдэгдээд эхэлжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр /2016.08.23/ хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. УИХ-ын ээлжит бус чуулганы хамгийн түрүүн хэлэлцэх асуудал яалт ч үгүй 2016 оны улсын төсвийн тодотгол байх нь. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч, харин төсвийн зарлага 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байна гэсэн тоон үзүүлэлтийг Сангийн сайд дурджээ. Тэгээд сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан мэргэжлийн гэх тодотголтой шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж дууссан тул тэрхүү өөрчлөлтийг 2016 оны төсвийн тодотголд тусгах шаардлага үүсээд байгаа гэнэ. Энэ нь дэд сайд нарынхаа санхүүжилтийг төсөвтөө суулгана гэсэн үг.

УИХ-ын даргад өргөн бариад байгаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд тусгаснаар төсвийн орлогыг дараах байдлаар нэмэгдүүлэх гэнэ.

  • Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөх,

  • Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем нэвтрүүлэх,

  • Алтыг Монгол банканд тушаасан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, ашигт малтмалын нэмэлт төлбөр “0” хувь байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оныг хүртэлх хугацаанд үйлчлэхээр байгаа юм. Энэ хувь хугацааг 2017 он болгож урагшлуулах,

  • Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар нэмэгдүүлэх,

  • Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй /4500см³-аас дээш/ суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш 7-оос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах,

  • 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах,

Харин зарлагыг бууруулахын тулд: 

  • Тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэх, 

  • Дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 5 пунктээр нэмэгдүүлэх,

  • Тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгох,

  • Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд жилд 53.3-75.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул уг хуулийг хүчингүй болгох,

  • Эмнэлгийн ажилчдад олгох урамшууллыг хойшлуулалд жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах,

  • Орон нутгийн суурь зарлагад хуулийн дагуу хамаарахгүй боловч зайлшгүй санхүүжигдэх зардлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг байх зэрэг өөрчлөлт орно хэмээн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Түүнчлэн Сангийн сайдын өргөн барьсан бас нэгэн хууль бол Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Энэхүү хуульд яг ямар өөрчлөлт оруулж байгаагаа дэлгэрэнгүй мэдээлээгүй ч эртнээс хөндөж ирсэн хүүхдийн мөнгийг хязгаарлах тухай заалт байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байна. Үе үеийн эрх баригчдын хамгийн түрүүн тоглолт хийж санал авдаг, мөн хасаж танах болохоор хамгийн түрүүнд гар хүрдэг зүйл бол хүүхдийн мөнгө. Хүн бүр хүүхдэдээ хайртайг далимдуулан улс төр хийж, сонгуулийн өмнө хүүхдэд хаягласан хайр халамжаа нэмэгдүүлэн байж эцэг эхчүүдийн саналыг татдаг бол хэцүүдээд ирэхийн цагт харин эсрэгээрээ хүүхдэд зориулсан халамж руу гар далайдаг. МАН-ынхан ч тэр жаягаас гажсангүй. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт тодорхой өөрчлөлт хийнэ гэсэн бүдэг бүрхэг заалтын цаана 18 нас хүрээгүй хүүхдэд сар тутам олгож буй 21 мянган төгрөгийг хасна гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Зорилтот бүлгийнхэнд бол олгоно гэж эрх баригчид молиго үмхүүлдэг. Гэтэл зорилтот бүлэгт ямар хүмүүс багтаж байгаа нь өнөө хэр тодорхойгүй. Өрхийн амжиргааг тодорхойлон 20 бүлэгт хуваасан ч зээлийн байр сууцтай, гэртээ хөргөгч зурагттай л бол “зорилтот бүлэг” гэгчид багтахгүй. Тиймээс зорилтот бүлэг гэж цэвэрхэн хаацайлахын оронд “золбин” амьдралыг л дэмжинэ гээд шулуухан хэлчихсэн нь дээр. Ийм гаж зүйл заалтаас болж, иргэд нь ядуу байхын хүслэнд автчихаад байна. Үнэхээр хасъя, таная, бууруулъя гэвэл төрөөс санхүүжүүлж буй тансаг хэрэглээ, илүүдэл орон тоо, хэт өндөр цалин бишгүй нэг бий. Гэтэл дийлдэгээр нь хүүхдийн мөнгийг л дэлдэж, сүүлдэхээр тодотголд тусгасан бололтой.

Бас нэгэн хачирхалтай тоон үзүүлэлтийг төсвийн тодотголд оруулсныг Сангийн сайдын танилцуулгаас харж болно. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бууруулж, зарлагыг нэмэхээр тодотгол боловсруулжээ, эрх баригчид. Тоо бодож мэддэггүйдээ буруу бодоод байна уу хэмээн дахин дахин харлаа. Эндүүрсэн байж мэдэх тул бүрэн эхээр нь оруулъя.

“Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,329.8 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 1,707.1 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох санхүүжилтийг 321.7 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Тус сангийн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдэх орлого, зарлагын өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгаснаар НДС-ийн нийт орлогыг 1,257.1 тэрбум төгрөгөөр, сангийн нийт зарлагыг 1,787.5 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс тус санд олгох татаасын хэмжээг 494.9 тэрбум төгрөг байхаар тус тус тооцож, тусгасан байна” гэжээ.

Энэ бүх өөрчлөлтийг хийснээр төсвийн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүн 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэнэ гэдгийг Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцуулсан байна. Орлогыг нэмж, зарлагыг бууруулах гэж тодотгодог байтал эсрэгээрээ байхаар үг үсэг харагдаад байгааг огтхон ойлгохгүй нь. Ямартай ч төсвийн алдагдлыг 2,4 нэгжээр бууруулахаар тодотгол боловсруулжээ. ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан төсвийн алдагдал аль хэдийнээ хоёр оронтой тоонд хүрч, зорилтот хэмжээнээс алдуурч орхисныг шинээр бүрэлдсэн УИХ, цаашлаад Мэргэжлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд хазаарлаж чадах эсэхийг харах л үлдлээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж