Төв азийн орнууд дахь ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлттэй холбоотой хяналтын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх бүсийн төслийг Европын комиссоос хэрэгжүүлэхээр болжээ. Нийт 2,5 сая еврогийн хөрөнгөөр хэрэгжих уг төсөлд Монгол Улс хамрагдах аж. Энэхүү төслийн хүрээнд бүсийн хэмжээнд цөмийн аюулгүй байдлыг хангах, ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлттэй холбоотой үйл ажиллагааны болон хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар тодорхой ажлуудыг хийх юм байна. Мөн үйлдвэрлэлд ашигласан усны цацраг идэвхт бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгоход анхаарах гэнэ. Цацрагийн (альфа, бета, гамма) болон радоны хэмжээг тодорхойлох техникийн чадамжийг сайжруулах болон цацрагийн хамгаалалт, байгаль орчны нөхөн сэргээлт, мониторингийн төлөвлөгөө, арга зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зэрэгт төсөл чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцох Цөмийн энергийн газар ямар нэгэн санхүүгийн үүрэг хүлээхгүй бөгөөд төслийг 72 сарын хугацаатай хэрэгжүүлэх юм байна.
Ж.ГЭГЭЭ