Гавьяатууд өнөөдөр БТСГ-тай гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Гавьяатууд өнөөдөр БТСГ-тай гэрээ байгуулна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын санаачлан байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар дэмжин, хамтран ажиллахаар болжээ. Хоёр байгууллагын удирдлагууд өнөөдөр 12.00 цагаас Спортын төв ордонд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аж.

Уг гэрээ байгуулагдсанаар Монголын шилдэг тамирчдын санаачлагаар бий болсон “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагынхан Биеийн тамир, спортод төрөөс баримтлах бодлогыг сурталчлах, бүх нийтийн эрүүл мэнд, чийрэгжилтэд чиглэсэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар бий болгосон “Олимп” хөгжил сангийн үйл ажиллагааг идэвхижүүлэх гэхчлэн нийтийн биеийн тамир, спортын салбарын олон чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэх ажээ.

Хамтран ажиллах гэрээ байгуулах уулзалтад БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Наранбаатар, дэд тэргүүн Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган нар оролцох юм байна. Уг гэрээг байгуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Залуу тамирчдын чуулга уулзалт зохион байгуулах, “ХХХ буюу Хүн-Хөдөлгөөн-Хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ирэх зургадугаар сард болох “Тамирчдын баяр”-ыг хамтран зохион байгуулах гэхчлэн олон ажил, шинэ санаачилгыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Цаг завгүй бэлтгэл, сургуулилтынхаа хажуугаар бусад тамирчид болоод биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэгч, бизнесийн байгууллагуудыг спортын салбартай холбох, спортыг дэмжигч байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хөдөө орон нутгийн иргэд, албан байгууллагуудад спортын шилдэг тамирчдын уулзалт, нөхөрсөг тэмцээн зохион байгуулах зэрэг олон ажилд сэтгэлээ зориулж яваа Монголын шилдэг тамирчдын байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ ирэх тавдугаар сарын 8-нд нэг жилийнхээ ойтой золгох юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж