“Хүнд сорилтын босгон дээр байна”

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

“Хүнд сорилтын босгон дээр байна”

Ж.ЭНХБАЯР: БИД ХҮНД СОРИЛТЫГ ДАВАХ ЦАГ ИРЛЭЭ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Өргөн барьсан хуулийн төсөлд оюутны 70 мянган төгрөгийг олгохгүй бөгөөд оюутнууд 250 төгрөгөөр автобусанд зорчих, хүүхдийн 20 мянгыг ялгавартайгаар олгох, хамтын тэтгэврийг болиулах зэрэг асуудлыг тусгасан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр суурийг тодрууллаа.


-МАН Засгийн газраа байгуулсан даруйдаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг мэдэгдсэн. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн, төсвийн тодотголыг сайтар танаж оруулж ирнэ хэмээн Сангийн сайд мэдэгдсэн. Тийм ч учраас цалинг танаж, татварууд нэмэх төсвийн тодотгол хийлээ гэж ойлгож байна?

-Мэргэжлийн Засгийн газар байгуулаад сар орчим болж байна. Өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засгийн бодит тоон мэдээллээс хол байсан. Харин одоо бодит нөхцөлийг мэдэх боломж бүрдлээ. Ялангуяа олон төсөл хөтөлбөр Төсвийн хууль зөрчсөн байдал, Монгол Улсын зээлийн босго давсан зарцуулалтын байдал зэрэг нь бидний авч байсан мэдээллээс тэс өөр үзүүлэлт, дүр зураг гарч ирсэн. Монголчууд бид нийгэм, эдийн засгийн хүнд сорилтыг даван гарах цаг үе ирлээ.

Нийгмийн халамж, зардал тойрсон асуудлыг тодотголд тусгасан байсан. Яагаад ийм нөхцөл байдал бий болов гээд олон зүйлийг бид ээлжит бус чуулган эхлэхээр Засгийн газраас асуух гээд бэлдэж байна. Энэ үеэр Засгийн газар бодит мэдээллийг ил тод өгөх байх. Дахин хэлэхэд маш олон төөрөгдөл үүссэн худал мэдээлэл УИХ-д өгч байсан юм байна.

-МАН мөрийн хөтөлбөрөө хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-Ард түмнийг төөрөгдүүлж, хуурч болохгүй. Бид хамтдаа эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд зүтгэх цаг ирлээ. Эхлээд эдийн засгийн уналтыг зогсоох бодлого явуулах ёстой. Тэгэхгүй бол гадаад худалдаа, тэнцэл, валютын ханш гээд хямралт нөхцөл байдал гүнзгийрэх төлөвтэй боллоо. Хямралыг зогсоосны дараа мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудаа хэрэгжүүлэх, эдийн засгийг тэлэх үе шаттай бодлого явуулах хэрэгтэй гэж би үзэж байна. Өмнө нь баталсан улсын төсөв эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалж хэрэгжих боломжгүй болсон. Тодотгол ороод ирэхээр бүх тоо баримт олон нийтэд ил болно. Бид Хөгжлийн банк, Монголбанк болон Засгийн газраас зарцуулсан төсөвтэй холбоотой шалгах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Олон зүйл ил тод болно. Төсвийн сахилга батаа сайжруулж аваад УИХ-ын намрын чуулганаар 2017 онд Монгол Улсыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндэслэл, мөнгөний бодлого, төсвөө батлаад явах ёстой.

-Төсвийн тодотголд Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай тусгасан. Эдийн засагчдын үзэж байгаагаар Стэндбай хөтөлбөр хэрэгжүүлбэл татвар нэмэх, цалин хасах шаардлагагүй болдог гэж байсан?

-Стэндбай гэдэг бол тогтворжуулах гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг хяналтаас гарсан тул олон улсын тусламжийг хүсч байна гэсэн үг. Тэгэхээр ээлжит бус чуулганаар Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг шийдэх ёстой. Тэгэхдээ эдийн засгийн бүх үзүүлэлтийг ярих байх. МАН олон түмэнд мэдээллийг ил тод өгнө, бид ард түмнээс юм нуухгүй, бас ард түмнийг хуурахгүй.

-Төсвийн тодотголд тусгасан халамжийн бодлогыг халсан нь зөв гэж та үзэж байна уу?

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үед зарлага, орлогын хэмжээг асууна. Түүнчлэн өрийн хэмжээ, бидний боломж ямар түвшинд байгааг судлаж асууж байж шийднэ. Нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. Дээр нь валютын нөөцгүй болсон гэдгийг Төвбанкны Ерөнхийлөгч мэдэгдсэн.

Өнгөрсөн хугацаанд үр ашиггүй төсөл хөтөлбөрт хөрөнгө зарцуулсан зүйл маш их гарсан байна лээ. Энэ зүйл дээр засаг тооцоо судалгаагаа хийгээд оруулаад ирсэн. Одоо зөв буруу гэж хэлэх эрт байна. Яагаад ийм асуудал орж ирэв гэх үндэслэлийг нь эхлээд сонсоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж