Германы зэвсэгт хүчин сөнөөгч онгоцнуудаа Туркийн агаарын цэргийн баазаас эргүүлэн татаж магадгүй болоод байна. Пүрэв гарагт Der Spiegel сэтгүүлд мэдээлснээр Анкара Германы хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдийг Инкирлик дэх цэргийн баазад нэвтрэх зөвшөөрөл өгөхөөс татгалзсан байна.
Германы зэвсэгт хүчин (Bundeswehr) Иордан болон Кипр дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг Америкийн удирдсан холбоотны агаарын цохилтыг дэмжин байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ийн зургаан ширхэг Торнадо загварын тагнуулын сөнөөгч болон шатахуун цэнэглэгч онгоцнуудаа өөр баазад шилжүүлэн байршуулахаас өөр аргагүй болоод байгаа аж. Зэвсэгт хүчнийхэн энэ шилжилт хөдөлгөөн нь тагнуулын нислэгүүдийг дор хаяж хоёр сараар хойшлуулахад хүргэж болзошгүйг сануулсан байна.
Германы батлан хамгаалах яам одоогоор ямар төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдэл хийгээгүй боловч “Бид Туркээс байлдааны үйл ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэх сонирхолтой байна, гэхдээ Инкирликээс өөр боломжууд байгаа…” хэмээн яамны хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Социал Демократууд Герман улс өөрийн цэрэг зэвсэг, онгоцнуудаа Туркийн Инкирликийн баазаас эргүүлэн татахийг шаардаж байгаа аж. “Герман улс яаралтай өөр цэргийн бааз олж цэргүүдээ шилжүүлэх хэрэгтэй ” хэмээн Социал Демократ намын Батлан хамгаалахын төлөөлөгч Райнер Арнолд хэлсэн байна.
Хэргийн учир өнгөрсөн зургадугаар сард Германы парламент 1915 онд Османы эзэнт гүрний цэргүүд олон мянган Армен иргэний аминд хүрсэн явдал геноцид байсныг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол баталсантай холбоотой аж. Энэ тогтоолын эсрэг ердөө 1 гишүүн санал өгсөн бөгөөд 1 гишүүн түдгэлзэж, үлдсэн бүх гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн байна. Дэлхийн Нэгдүгээр дайны үеэр Османы турк цэргүүд 600 мянгаас 1,5 сая хүртэлх тооны Армен иргэнийг хүйс тэмтэрсэн гэх тооцоо байдаг.
Германы оролцоогүйгээр НАТО үүрэг даалгавраа биелүүлэхэд хүндрэлтэй байх болно. Учир нь нийт 16 ширхэг AWACS буюу радио илрүүлэлтийн агаарын комплекс систем Германы Geilenkirchen-ий баазад байрладаг мөн экипажийн бүрэлдэхүүний гуравны нэг нь герман цэргүүд аж.
Б.Батболд
Эх сурвалж: Reuters