Сургууль, цэцэрлэг цуглахаар халдварт өвчин ихэсдэг

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

 Сургууль, цэцэрлэг цуглахаар халдварт өвчин ихэсдэг

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах хэлтсийн дарга Н.Сувдмаагаас хадварт өвчний өнөөгийн байдлын талаар тодруулав.


-Намрын эхэн сар гарлаа. Өнгөрсөн зуны байдлаар халдварт өвчний гаралт ямаршуухан байв?   

-Гар, хөл, амны өвчин харьцангуй нэмэгдсэн. Бусад өвчин ч адилхан. Ер нь халдварт өвчин улирлын чанартай байдаг юм. Тэр талаас нь харвал гэдэсний халдвар зонхилсон гэж болно. Хэт халалт, бороошилт, хөрсний бохирдол, үер зэрэг нь нөлөөлсөн байх.

-Яг өнөөдийн байдлаар ямар байна вэ?   

-Халдварт өвчин улирлын чанартай гэсэн шүү дээ. Тэр жаягаараа л яваа. Бид эрсдлийн үнэлгээ хийж байна. Орон нутагт зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэсэн. Цахим ертөнцөөр ч мэдээ, мэдээлэл цацсан. Байгууллагын вэб сайтад байнга тавьдаг. Боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах нь үр дүнтэй байдаг. Үдийн хоол, цайнд тавих хяналтыг сайжруулан, баталгаат хүнсээр хангахыг зорьж ажилладаг даа. Тэгэхийн тулд найдвартай газартай гэрээ хийж, гараа зөв угаахыг хэвшүүлэн, зөөврийн устай газруудын жорлон, орчны ариун цэврийг нь шийдэх ёстой.

-Халдварт өвчин дотооддоо гарахаас гадна, гаднаас зөөвөрлөгдөн орж ирдэг гэсэн байх аа?

-Тэгэлгүй яахав. Хил залгаа хийгээд, харь холын орноос дамжин орж ирэх нь бий. Ялангуяа шувууны ханиад, томуу, эбола вирусын халдвар осолтой шүү дээ. Тиймд Монгол Улсын бэлэн байдлыг хангах үүднээс салбарууд хэрхэн хамтарч ажиллахыг сайд нарын тушаал, журам, заавраар шийддэг. ДЭМБ-аас гаргасан бүхий л заавар, зөвлөмжийг баримталж ажилладаг.

-Яриагаа өөр чигт хандуулцгаая. Яр тэмбүү өвчний талаар сүүлийн үед нэлээд ярих боллоо. Социализмын үед нийгмийн халдварт өвчин гэдэг байсан даа. Энэ халдварт өвчин тийм их гараад байна уу?

-Ихэссэн гээд шууд хэлчихэд хэцүү. Сүүлийн үед илрүүлэлт илт сайжирсан. Сайн дурын үзлэг, шинжилгээнд иргэд өөрсдөө идэвхитэй хандах болж. Мэдээ, мэдээлэл хурдан түгдэг болсон нь мэдээж сайнаар нөлөөлсөн байх.

-Халдварт шараар “сонин” юу байна?

-А вирусын эсрэг вакцин нэвтрүүлснээр бохир гарын гэх шар өвчин хоёр дахин буурсан. В вирусын эсрэг тарилга хийснээр 1992 оноос хойш төрсөн хүүхдүүд дархлаатай болсон гэж үздэг. Түүнээс өмнө төрсөн хүмүүс сайн дурын вакцинжуулалтад хамрагдаж болно. Нэг удаагийн тарилга 5000 төгрөгийн үнэтэй. С вирусын эсрэг “Харвони” гэх эмийг хөнгөлөлттэй үнээр оруулж ирснээр 4000 хүнийг өвчнөөс нь салгасан. Одоо 50 мянган хүнийг хамруулахаар зэхэж байна. Курс эмчилгээ нь гурван сар байдаг юм.

-Заг хүйтэн залуусын дунд их байна гэх юм?

-Халдварт өвчин, тэр дундаа бэлгийн замын халдвар хүнийг хөгшин залуугаар нь ялгадаггүй юм. Бэлгийн амьдралын идэвхтэй үедээ яваа улс өртөх магадлал өндөртэй нь мэдээж. Энэ оны эхний зургаан сарын байдлаар халдварт өвчний 29 төрлийн 50 мянган тохиолдол бүртгэгдсэний долоон хувь нь заг хүйтэн байлаа. Бэлгийн замын халдвар тэр хот, аймаг, дүүрэгт түлхүү гардаг гэх боломжгүй. Тухайн бүс нутгийн хүн амаас шалтгаалдаг нь ойлгомжтой биш үү.

-ХДХВ,ДОХ-ын өнөөгийн байдлыг тодруулна уу?

-Халдвартай 217 хүн бий. Бүгд бэлгийн замаар халдсан байдаг. Халдвартай эх хэд, хэд төрсөн. Хүүхдүүд нь цөмөөрөө эрүүл гарсан. Энэ нь урьдчилан сэргийлэлт, эмчилгээ үр дүнтэй, сайн байсны баталгаа юм. Идэр эрчүүдэд түлхүү тохиолдоод буй нь ажиглагддаг даа.

-Түүхий саар, жимс гадуур ихээр зарж байна. Энэ нь халдварт өвчин гарахад нөлөөлнө биз?

-Тэгэлгүй яахав. Гар, хөл, амны эмгэг, гэдэсний халдвар гарахад нөлөөлөх нь мэдээж. Бид сээмжлүүлдэг. Авах арга хэмжээг нь мэргэжлийн хяналтын байгууллагууд хариуцдаг юм.

 -Хичээл, сургууль эхлэх боллоо. Анхааруулмаар зүйл байна уу?

-Сургууль, цэцэрлэг цуглахаар халдварт өвчин ихсэх талтай. Олон газраас ирсэн хүүхдүүдийн дунд контакт үүснэ шүү дээ. Тэрхүү орчны нөхцлийг сайжуулах, халдвартай тэмцэх ажлыг эрүүл мэндийн байгууллага, хяналтынхан, тухайн байгууллагын ажилтнууд, эцэг, эхчүүд хамтдаа шийдэх учиртай.

                                                                          Г.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж