Цахим газар өмчлөлд хотын удирдлагууд өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.25-нд нийтлэгдсэн

Цахим газар өмчлөлд хотын удирдлагууд өөрчлөлт оруулжээ

-Хотын шинэ удирдлагууд цахим газар өмчлөлд өөрчлөлт оруулж, газар өмчлөлийг цахимаар буюу автомат программаар шууд сонгодог явдлыг зогсоохоор болжээ. Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авах ч, бүртгүүлсэн иргэдээс яг хэн нь аль газрыг өмчлөх вэ гэдгийг сугалаагаар явуулахгүйг нийслэлийн Засаг дарга С.Батболд онцлон тайлбарлалаа. Хоёр жилийн өмнө эхэлсэн цахим газар өмчлөл шаардлагатай хүндээ хүрдэггүй гэж шинэ дарга үзжээ. Иймээс газар шаардлагатай иргэдэд газрыг нь олгож, өнөө маргаашийн хэрэгцээ нь газар биш гадаад дахь монголчууд, мэндлээд удаагүй бяцхан дүү нарт өмчлөх газрыг хойшлуулахаар болсон байна.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өчигдөр мэдээлэл хийжээ. Тэрээр Ардчилсан намын даргад өрсөлдөх болсонтой холбоотойгоор ажлаа өгч буйгаа мэдэгдсэн юм. Маргааш болох ҮЗХ-ны хуралдааны хэлэлцэх асуудлын төгсгөлд намын даргын асуудал багтсан байгаа юм. Тиймээс тэрээр ажлаа өгч, намын даргад өрсөлдөхөөр боллоо.

-Энэ онд улсын хэмжээнд  9168 хүүхдийн суудалтай 22 сургууль, 500 ор/900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, зургаан спорт заал, найман дотуур байр ашиглалтад орж буй ажээ. Үүнээс Улаанбаатар хотод 2560 суудалтай зургаан  сургууль, 500 ор/900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, спорт заал, дотуур байр тус бүр нэг ашиглалтад орох юм байна. Гэсэн хэдий ч сургууль цэцэрлэг хүрэлцээгүй хэвээр дунд сурагчид гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насныхан гэртээ цоожлуулан үлддэг хэвээр байна. 

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголтой холбоотой асуудлаар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийжээ. Тэрээр “Төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Санал нийлэхгүй асуудал нэлээд байна. Манай МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байна. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй гэжээ.

-“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын гурван яам дэргэдээ ажилчдынхаа хүүхдийг хүлээж авах цэцэрлэгийг тохижуулж, байгуулахаар болсон. Нэрлэгдсэн яамдын нэг нь Гадаад харилцааны яам. Сүхбаатар дүүргийн 16 цэцэрлэгтэй зэргэлдээ АСЕМ-ын бэлтгэл ажлын албаныхан байрлаж байсанбарилгын хоёр давхрыг тэр чигт нь гурван бүлэгтэй 75 хүүхдийн цэцэрлэг болгохоор засварын ажлыг яамныхан эхлүүлсэн байна.

-Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид энэ сарын 23-нд хоёр удаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархтжээ. Мөн Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг дөрвөн мужид энэ сарын 12-ний өдөр есөн удаа  дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн хэрэг гараад байсан юм. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Монголын хамгийн ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртдөг гэсэн судалгааг өчигдөр /2016.08.24/ НҮБ-ын Хүүхдийн сангаас танилцууллаа. Энэхүү судалгаагаар бүх насны бүлгийн хүүхдийн хувьд усан хангамж, ариун цэврийн нөхцөл байдал томоохон тулгамдсан асуудал болох нь харагджээ. Ялангуяа хөдөө орон нутагт 5-14 болон 15-17 настай хүүхдийн тэн хагасаас илүү нь ундны цэвэр усны хүртээмж хангалтгүй бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн асуудалтай тулгарч байгаа аж. Уг гачигдлын хүнд, илүү ноцтой байдал хөдөө орон нутагт, тэр дундаа Хангайн бүсэд илүүтэй тохиолдож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж