Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.
Тэгвэл шинээр бүрэлдсэн Мэргэжлийн Засгийн газрын гишүүд ХОМ-ээ бүрэн өгсөн үү. Энэ асуултын хариу тун хангалтгүй байна. Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3хувь нь л 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн гэнэ. Тиймээс Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлжээ.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байдаг тул дээрх албан тушаалтнуудын мэдүүлгийг 2016 оны гуравдугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах юм байна.
805 төлөөлөгчийн 93.5 хувь нь ХОМ-ээ мэдүүлжээ
Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх үүрэгтэй. Иргэдийн хурлын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хугацаандхөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн тохиолдолд тэдгээрт хариуцлага тооцох үндэслэл болох аж.
Тэгвэл хуулийн хугацаанд өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар сонгогдсон нийт 805 төлөөлөгчийн 93.5 хувь нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ. Иймд Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэлийн ИХТөлөөлөгчдийн мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлэх явцад зөвлөмж хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлсэн байна.
Т.НОМИН, Д.УУДАМ