Ж.ЭНХБАТ: ОЛОН УЛСЫН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН АЧААГ ХИЛ ДЭЭР ШАЛГАХАД ЕРДӨӨ НАЙМХАН МИНУТ ЗАРЦУУЛЖ БАЙНА
Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн транзит тээвэр эхлэх тухай баяртай мэдээг бид бүхэн хүлээн аваад байгаа билээ. 2016 оны 8 дугаар сарын 13-25-ны өдрүүдэд туршилтын тээвэр зохион байгуулж буй бөгөөд энэ талаар тус туршилтын тээвэрт оролцож байгаа Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай утсаар холбогдож зарим мэдээллийг тодрууллаа.
-Сайн байна уу? Та бүхэн сайн явж байна уу? Олон улсын ачаа тээврийн туршилтын тээвэр яг одоо ямар бүрэлдэхүүнтэйгээр, хаана явж байгаа талаар бидэнд мэдээлэхгүй юу?
-Баярлалаа, бид бүхэн сайн явж байна. Олон улсын ачаа тээврийн туршилтын тээвэр өнөөдөр БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр явж байна. Туршилтын тээвэрт оролцож байгаа гурван улсын Төлөөлөгчид Тяньжин боомтод зохион байгуулагдаж буй олон улсын Автотээврийн хуралд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм. Мөн нэг зүйлийг онцолж хэлэхэд бид бүхнийг өчигдөр Замын-Үүд боомтоор хил нэвтрэх үед гаалийн шалгалтад ердөө найман минут зарцуулсан нь гурван улсын хэлэлцээр тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгааг харуулж байна.
Бүрэлдэхүүний хувьд БНХАУ-ын талын 26 Төлөөлөгч, ОХУ-ын талаас 15 Төлөөлөгч, манай талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг, мөн Замын цагдаагийн газар, МҮОНТВ-ийн төлөөлөл багтсан байна.
-Туршилтын тээвэр Монгол Улсын нутаг дэвсгэрт хэзээ буцаж ирэх вэ?
-Төлөвлөгөө ёсоор 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буцаж Замын-Үүд боомтоор хил гарч Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрнө. 2016 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 11:30 минутад “Дүнжингарав” худалдааны төвийн гадаа талбайд энэхүү транзит тээврийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана. Сонирхсон хүн бүрт нээлттэй тул хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. Мөн сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж энэхүү түүхэн арга хэмжээг олон нийтэд сурталчлаасай гэж хүсч байна.
-Хил нэвтрэх үеийн шалгалтад маш бага хугацаа зарцуулсан талаар та дурдлаа. Цаг хугацаа болон зардлын тал дээр ямар хэмжээний хэмнэлт гарах талаар танилцуулахгүй юу?
-Ази, Европ хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдгээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг.
Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулагддаг бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд эл хугацааг 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм. Мөн транзит тээврийн үеэр хил, гаалийн байгууллагууд түргэн шуурхай ажиллах үүрэг хүлээх бөгөөд туршилтын тээврийг шалгахад ердөө наймхан минут зарцуулж байгаа нь маш том амжилт юм.
-Ярилцсанд баярлалаа, та бүхний алтан шар зам өлзийтэй байж ирэх 21-ний өдөр баяртайгаар уулзахын ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа.
Б.БОЛОР