“Их сургуулиудын төлбөрийг нэмэх үндэслэлгүй”

Хуучирсан мэдээ: 2016.08.17-нд нийтлэгдсэн

“Их сургуулиудын төлбөрийг нэмэх үндэслэлгүй”

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр өнөөдөр /2016.08.17/ Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр болон Улаанбаатар төмөр зам, 103 яаралтай түргэн тусламжийн төвд хийсэн төлөвлөгөөт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.


Улаанбаатар төмөр замыг торгохоор болов

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Богд төмөр Ерөө гол” гэдэг компаниас Улаанбаатар төмөр замтай холбоотой санал гомдлыг ирсэн байна. Үүний дагуу шалгаж үзэхэд Улаанбаатар төмөр замын даргын “Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн А/196 тоот тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифыг нэмэгдүүлэн энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн дагаж, мөрдөх шийдвэр гарсан байжээ.

Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2006 оны 03 тоот тогтоолоор Улаанбаатар төмөр зам нь зүй ёсны монополь аж ахуй нэгжээр тогтоосон байдаг. Тэгэхээр манай байгууллагын хуралдаанаар монополь буюу давамгай эрхтэйгээр тогтоогдсон аж ахуй нэгжүүд үнэ тарифандаа өөрчлөлт оруулах бол манайхаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөлгүйгээр үнэ тарифаа нэмсэн учраас тухайн байгууллагын 2015 оны нийт орлогын гурван хувь буюу 1.8 тэрбум төгрөгийн торгуулийг оногдуулахаар тус байгууллагад албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх ёсгүй

Мөн дараагаар нь энэ жилийн хичээлийн шинэ жилээр их, дээд сургуулиудын оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн жилийн гуравдугаар сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их, дээд сургуулиудад албан шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлжээ.

Тус шаардлагад их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх бол энэ хавартаа багтан сургалтын төлбөрөө нэмэх үндэслэлээ тодорхойлж, олон нийтэд ил зарлахыг шаардсан байна. Уг шаардлагын дагуу нэг ч их, дээд сургуулийн удирдлагууд зөвлөмжийн дагуу удирдах зөвлөлөө хуралдуулж, сургалтын төлбөрөө нэмэх талаар мэдэгдсэнгүй. Ингэснээр их, дээд сургуулиуд оюутны сургалтын төлбөрөө нэмэхгүй гэж үзэж байгаа бөгөөд сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд шалгаж, холбогдох хариуцлагыг тооцно гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр дурдаж байв.

103 яаралтай түргэн тусламжийн төвийг шинэчлэх шаардлагатай байна

Харин 103 яаралтай түргэн тусламжийн төвд 7 дугаар сарын 22-нд хийсэн шалгалтаар хэд хэдэн зөрчлүүдийг илрүүлжээ. Олон улсын стандартын дагуу тодорхой тооны, операторууд жижүүрлэж, шуурхай түргэн тусламжийг үзүүлдэг. Гэтэл нөхцөл байдал дээрээ түргэн тусламжийн төвд нэг жижүүртэй, түргэн тусламжийн машинууд нь GPS төхөөрөмж байхгүйгээс хаана, хэдэн эмч ямар дуудлагатай явж байгаа нь тодорхойгүй байсан байна. Мөн эмч, ажилтнууд хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин 24, 48 цагаар ажиллаж байжээ. 1990 оноос хойш 103 яаралтай түргэн тусламжийн төвд шинэчлэлийг хийсэн бөгөөд одоог хүртэл дорвитой ажил хийх болсныг онцолж байлаа.

Харин уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн сард хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн ч тус үйлдвэрийн удирдлагууд солигдсонтой холбоотойгоор түр хугацаагаар хойшлогдсон гэдгийг мэдэгдлээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах орчинг бүрдүүлэхийн төлөө зөвлөмжийн хуудсыг хэвлэн гаргажээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэлэхдээ “Дэлгүүрийн лангуун дээр “Зарагдсан бараа буцаахгүй, хямдрал урамшуулал зарласан нэрээр бүтэн жилийн турш нэг үнийг тавьдаг, 999 төгрөг гэх мэт задгай дэвсгэртийг олгоогүй бол шаардах эрхтэй зэрэг хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг таниулж байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж