Хуучирсан мэдээ: 2016.08.17-нд нийтлэгдсэн
Төв талбайг Д.Сүхбаатарын болгож нэрлэх шүүхийн шийдвэр гарлаа
- 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгасан байгаа. Аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга, харин агентлагийн дарга болон түүнээс дээш тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдана гэсэн үг. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байхыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ингэснээр энэ оны хувьд гэхэд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой гэж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат сэтгүүлчдэд тайлбар хийжээ.
- 2013 оны долдугаар сарын 15-ны өдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатарын талбайг эзэн Чингис хааны нэрэмжит талбай болгох шийдвэрийг гаргасан. Харин Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар тэргүүтэй хэсэг залуус уг шийдвэрийг эсэргүүцэн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан билээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Харин өчигдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргажээ.
- “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо зохион байгуулах болсноо өчигдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээллээ. Монгол Улс БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулахаар болсон байдаг. Жил бүр талууд өөр өөр сэдвийг онцлон хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ажил хэрэг болгохоор хамтран ажилладаг гэлээ.
- Тариаланчдын зүгээс “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд шийдсэн Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийг намрын ургац хураалтаас өмнө авах хүсэлтэй байна. Харин ХХААХҮ-ийн Сайд П.Сэргэлэн “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд ХХААХҮЯ-наас ургац хураалтанд түлш, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох тухай санал оруулж шийдвэрлүүлсэн. Мөн Хөгжлийн банкнаас олгогдох ёстой 11.6 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж энэ сарын 20-ны дотор шийдвэрлэж тариаланчдад олгох шийдвэр гарсан” гэдгийг тариаланчдад тайлбарласан байна.
- УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг Засгийн газар зогсоосон нь бодлогын алдаа гэж үзэж байгаа юм байна. “Дээрх сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байгааг шүүмжлэв. Учир нь арилжааны банкууд Төвбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдэлийг өөрсдөө хүлээсэн байна. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл болно” гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ. Мөн тэрээр “Эдийн засагт үүссэн хямрал нь олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай. Тиймээс эдийн засгийн буруу бүтцээ зөв болгохоос Ардчилсан нам ажлаа эхэлсэн гэдгийг онцолжээ.
- Олимпийн наадмын -90кг-д өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд гэмтэл авсан билээ. Медалийн төлөөх барилдаанд зүүн сууж үүрэхдээ гэмтэл авсан юм. Мөн мөрний аяганы хүүдий нь урагдсан байжээ. Тамирчин 3,5 см тасарсан шөрмөсийг залгах хагалгааг өчигдөр хийлгэсэн байна. Тэрээр хагалгаа амжилттай болсон тохиолдолд гурван сар орчим бэлтгэл хийхгүй байх юм.