Сүүлийн үед зам тээврийн ослоор бага насны хүүхдүүд гэмтэх, эндэх нь нэмэгдээд байгаа юм. Тиймээс Замын цагдаагийн газраас "Хамгаалах бүс-Хамгаалалтын суудал" аяныг зарлажээ. Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид осолд өртөх тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг юм байна. Он гарсаар зам тээврийн ослын улмаас 17 хүүхэд энджээ. Ослын шалтгааны ихэнх нь хамгаалах бүс, зориулалтын суудлыг хэрэглээгүй байсан гэж ЗЦГ-аас мэдээллээ.
Хүүхдийг автомашинаар зорчуулахдаа нярайгаас нь эхлэн зориулалтын суудал ашиглах ёстой. Нас бүрт тохирсон суудлууд байгаа тул худалдаж авахдаа сайн асууж тохируулан авах ёстой юм байна. Хүүхдүүд унтаж явахад тохь тухыг нь бодвол гурав хүртэл насны хүүхдэд хэвтэх боломжтой суудал авах нь илүү тохиромжтой байдаг. Харин 130 сантиметрээс дээш өндөртэй хүүхдэд машины суудлын бүс таарч эхэлнэ. Заавал суудал гэлгүйгээр өндөр нам нь таарч байвал хүүхдэд суудал өндөрлөгчийг хэрэглэж болдог аж. Иймээс хүүхдийнхээ эрүүл мэндэд нэг удаа хөрөнгө оруулалт хийж хамгаалалтын суудлыг авах. Мөн хүүхдээ машинаар тээвэрлэх үедээ заавал хамгаалалтын суудлаа ашиглан давхар бүс зүүлгэж, аюулгүй тээвэрлэхийг нийт эцэг эхчүүдэд ЗЦГ-аас уриаллаа.
Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшсэнээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Гэхдээ хүүхдийн хамгаалалтын суудлыг зургаагаас дээш жил хэрэглэдэггүй юм байна.