Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийхдээ зарим төрийн албан хаагчийн цалинг тодорхой үе шаттайгаар бууруулна гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрийг иргэд хэрхэн хүлээж авч байгаа талаар зарим иргэдийн байр суурийг тодрууллаа.
- Эгч нь хувийн компанид ажилладаг. Гэхдээ төрийн албан хаагчдийн цалин хасна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Авдаг хэдэн төгрөг нь юунд ч хүрэлцэхгүй байхад нэмээд хасчихвал амьдрал бүр л доройтно. Би гэртээ гурвуулаа амьдардаг. Манай гэр бүл сард 2 сая төгрөг олдог. Бид гурав бол болоод л байдаг юм. Төрийн албан хаагчид ихэнх хүмүүс нь байрны зээлд хамрагдчихсан гэж сонссон. Өр зээлтэй хүмүүс бол хэцүү байх. Тийм болохоор өндөр цалинтай хүмүүсийн цалинг бууруулж, бага цалинтай хүмүүсийг аль болох хасахгүй байсан нь дээр болов уу.
- Цалин бууруулж байгаа нь буруу гэж бодож байна. Учир нь төрийн албан хаагчид ипотекийн зээлд хамрагдчихсан байдаг. Тиймээс хүмүүсийн амьдрал улам доройтох байх гэж бодож байна. Манай гэр бүл гэхэд дөрвөн хүн ажил хийдэг. Нийт орлого 2 сая орчим төгрөг. Гэтэл энэ мөнгөнөөс хасагдана гэхээр хэцүү л байна.
- Мэдээж амьдрал нь хэцүү болно. Нэг төрийн албан хаагчийн ард аж амьдрал нь байдаг. Тэгэхээр цалин бууруулахаар эдийн засгийн нөхцөл байдал улам доройтно. Ам.доллар, юань өссөн, юмны үнэ нэмэгдчихээд байхад яаж ч бодсон хэцүү болно биз дээ. Цалингаа хасуулсан хүмүүс зүгээр суухгүй байлгүй. МАН, АН хоёр нам ер нь адилхан улсын төлөө юм хийхгүй байж бие биенийхээ мууг үзэх гэж ухаж төнхөх хэрэггүй. Хамтраад ажил хийх хэрэгтэй.
- Цалин бууруулна гэдэг хэцүү шүү дээ. Эгч нь энэ талаар ямар нэг мэдээлэл аваагүй байна. Гэхдээ амжилтанд хүрсэн улс орныг хараад байхад ард түмэн тодорхой хэмжээгээр золиос гаргасан байдаг. Иймд үнэхээр улс орны байдал хүнд байгаа бол цалин хасах нь зөв болов уу. Өмнөд Солонгос улс хямралд орох үед тухайн орны ард түмэн үнэт эдлэлээ цуглуулаад улс орноо аврахын төлөө зүтгэж байсан жишээ байдаг. Тэгэхээр бид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй байх. Юун түрүүнд хүмүүс өглөө босоод ажилдаа явдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бага цалинтай ч гэсэн нийтээрээ ажилтай байх нь чухал шүү дээ. Хоёрдугаарт, төр засгийн эрх мэдлийг атгаж байгаа хүмүүс нь илүү их мөнгө идэж, ашиглаж байж мэдэх юм. Тиймээс шударга хандах хэрэгтэй. Ард иргэдийнхээ бүсийг чангалж, цалин хасчихаад өөрсдөө идэж уугаад байж болохгүй. Үнэхээр эдийн засаг хүнд байгаа бол төр засгийн удирдлагууд ч адилхан хэмнээд, танаад явах хэрэгтэй шүү.