Тавантолгойгоос илүү тавин толгой монгол судлал руу орно

Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Тавантолгойгоос илүү тавин толгой монгол судлал руу орно

Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал нээлтээ хийж буй энэ өдөр Ардын уран зохиолч Т.Галсантай товч хөөрөлдлөө.


-Олон улсын монголч эрдэмтэд өнөөдөр Улаанбаатарт чуулж байна. Танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Баруун тивд дэлхийн бяр шандас, авхаалж, самбааны олимп болж байна. Эзэн Чингисийн гал голомт энэ Монголд Монгол судлалын дэлхийн олимп болж байна. Ардчиллын буянаар хуучны хэтэрхий үхмэл тогтолцоонд орсон сургуулиудаас хүмүүс гарч, монгол судлалаа өргөе гэсэн сайн санаагаар хувийн дээд сургуулиуд байгуулж эхэлсэн. Түүн дотор хоногт 25 цаг ажилладаг монгол эрдэмтэн хэмээн алдаршсан Чой.Лувсанжав Монгол хэл, иргэншлийн дээд сургуулийг нээсэн. Тухайн үед монгол бичгээ мэддэг хүн улсад зуугаадхан болоод байсан. Тэгэхэд тэр хүн ардчилалд хүн юу хийж чадах вэ, түүнийгээ л хийх хэрэгтэй юм гээд тасарсан бичиг үсгийг амилуулж, босгох их ажил хийсэн. Үүнийг залгуулж Монгол Улсын Ерөнхийлөгч сая илтгэлдээ Монгол Улсын Их Сургуулийн ууган факультет Монгол хэл, соёлын сургуулийг сэргээн байгуулах хэрэгтэй гэж их онож хэллээ.

-Монгол бичгийн хэрэглээ өнөө цагт ямар байгаа вэ?

Одоо монгол бичиг маань төрийн бүх бичиг хэрэгт ордог боллоо. Монгол Улсаас гадаадын улс гүрнүүдэд явж байгаа төрийн албан ёсны бичгийг монгол бичгээр хичээнгүйлж, хоёр дахь хэлээр орчуулан хавсаргаж байсугай. Хүүхдийн төрсний гэрчилгээ, их, дээд сургууль төгссөний батламжийг монголоор бичээгүй бол хүчингүйд тооцсугай. Ингэж Монгол Улсын төр, засгийн бодлогын хувьд зарлиг гарсан. Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ монгол бичиг, эх хэл, соёлоо сэргээхийн төлөө байсан юм шүү. Төрийн бодлого ямар байна, үйл хэрэг тэгж дэвждэг юм байна.

Дэлхийг Монголд чуулуулж чадсан гавьяатай Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол судлалын том төв сургуулийг Монгол Улсад байгуулья гэж байгаа нь Монголд монгол судлалын жинхэнэ урлантай академи байгуулагдана гэсэн үг шүү дээ. Энэ мэтээр Монголч эрдэмтдийн их хурлаас гарах үр дүн их. Монголын түүх гэхэд урд, хойд хоёр хөршийн архивын лавлагааг л хардаг байсан үе бий. Гэтэл Чингисийн хөвгүүд Цагаадай, Зүч, Тулуй хаана хүрсний түүх барууны архивт тэр чигээрээ байж байна. Түүнийг сэргээх нь эхлэл төдий байгаа бол Оюутолгойгоос дутахгүй Оюу эрдэнийн их орд тэнд байна. Үүнийг нааш нь хүргэж өгье гэх эрдэмтэд зөндөө байна. Тавантолгойгоос илүү тавин толгой монгол судлал руу орно гэхээр их сайхан санагдаад сууж байна.

Д.ЦЭНГЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж