332 сумаас 206-д төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.16-нд нийтлэгдсэн

332 сумаас 206-д төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлжээ

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо 500-д хүрч байгааг тохиолдуулан тус яамнаас өнөөдөр /2016.08.16/ 12 цагт ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил болон Эрүүл мэндийн яамны сайд А.Цогцэцэг нар ёслолын арга хэмжээнд урилгаар оролцож, үг хэллээ. Мөн ёслолын арга хэмжээнд Японы Элчин сайд Такэнори Шимизү болон, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцож, гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ёслолын арга хэмжээний үеэр орон нутгийн тав, нийслэлийн нэг сургуулийн төслийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол улсад хэрэгжиж буй төслийн тоо 500-д хүрч байгаа ажээ.  Үүнд:

“Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засварын төсөл”

“Сүхбаатар аймгийн Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”

“Дорнод аймгийн Дашбалбар сумын цэцэрлэгийн их засварын төсөл”

“Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн их засварын төсөл” багтаж байна.

Нийслэлийн 53 дугаар сургуулийн захирал О.Бат-Өлзий ярихдаа “Манай сургууль 1973 онд анх 920 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуульд 2000 гаруй сурагчид суралцаж байна.Манай сургуульд байгуулагдсан цагаасаа хойш томоохон засварын ажил хийж байгаагүй. Тиймээс сургуулийн баруун, зүүн жигүүр халдаггүй, цонхноосоо дулаан алддаг, дээврээс дусаал дусдаг зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. “Өвсний үндэс” хөтөлбөрт хамрагдан 75 мянган ам.долларын санхүүжилт авч, их засварын ажлыг эхлүүлэх болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Дээрх зургаан төслийг хэрэгжүүлэхэд нийт 463.571 ам.доллар буюу 894.699.292 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр төслүүдийг оруулаад 2016 оны Японы санхүүгийн жил /2016.04.01-2017.03.31/-д “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 15, санхүүжилтийн нийт хэмжээ 1.177.404 ам.доллар буюу 2.302.387.670 төгрөг болж байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Манай аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэг төвий шугамд холбогдоогүй. Цэцэрлэгийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх шаардлагуудыг хангаагүй цэцэрлэг гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор Япон улсаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 77.5 сая ам.долларын санхүүжилтээр их засварын ажлыг хийх гэж байна” гэв.

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд жилдээ 20 төслийн хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 1990 оноос хойш 26 жилийн турш хэрэгжиж ирсэн бөгөөд социализмын үед баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг засварлах, өргөтгөх шаардлагатай байдаг. Тиймээс ирээдүйн хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулахаар энэхүү төслийг хэрэгжүүлж ирсэн гэдгийг “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хариуцсан дарга Ёкүяама Такаши онцолж байв.

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт хэрэгжүүлсэн төслийн тоо 2016 оны энэ өдөр 500-д хүрч, тусламжийн нийт дүн 33.586.674 ам.доллар болжээ. Уг хөтөлбөр нь Монгол улсын бүх аймагт хэрэгжсэн ба нийт 332 сумаас 206-д  төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байна.

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж