БНСУ, Австрали зэрэг улсаас гадны эмч нар ирэх тоолон түлэнхийгээс үлдсэн сорви, татсан арьсаа эмчлүүлэхээр 200-300 иргэн тогтмол дугаарлан зогсдог болжээ. Жилд 1600 хүн түлэгдэж, эмчилгээ хийлгүүлдэг гэж үзвэл дор хаяж 1000 нь заавал нөхөн сэргээх, сорви багасгах зэрэг дагалдах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Гэвч энэ эмчилгээ Түлэнхийн төв барилгагүй болсноос хойш зогсжээ. “Коридорынхоо булангаас эхлээд л ор, гудас тавьж өвчтөнөө хэвтүүлэн эмчилдэг. Өнөөдрийн хувьд /2016.08.15/ 70 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Өрөөнүүд дүүрч, коридорт гурван хүнээ хэвтүүлсэн нь ачаалал арай гайгүй болсон гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт коридор зай завсаргүй л өвчтөнтэй байлаа. Цэцэрлэг, сургуулийн зуны амралт эхлэхээр буцалсан ус, халуун тогоонд түлэгдсэн хүүхдийн тоо нэмэгддэг. Өвөл нь хөлдсөн, түлэгдсэн гээд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай томчуудын тоо өсдөг” хэмээн ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн ахлах сувилагч ярилаа. Энэ дүр зураг бол таван жилийн өмнө эмнэлгийн барилга нь ашиглалтаас гарч байргүй болсон Түлэнхийн төвийн өнгөцхөн харагдах байдал.
Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасагт 4-5 хүн хэвтэх ёстой ч нэг өрөөнд 10 өвчтөн, сахиуртайгаа нийлээд 20 хүн, хоёр хүн хэвтэх өрөөнд дөрвөн ор, бөгс эргэх зайгүй шахаж тавьжээ. Сэхээний өрөөнд үндсэн зургаан ор байдгаас өвчтөний тоо нэмэгдвэл 4-5 ор нэмж тавииад багтаж ядан эмчлүүлж байна. Ийм нөхцөлд эмнэлгийн халдвар хамгааллын түвшин ч алдагдаж, эмч, сувилагч нарын ажиллах орчны аюулгүй байдал ч хөндөгдөх юм. Концессын гэрээгээр Түлэнхийн төвийн барилгыг барихаар салбар яам нь сонгон шалгаруулалт зарлаж, “Цаст констракшн” компанийг сонгон өнгөрсөн намар барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Гэтэл УИХ 26 орчим тэрбум төгрөг шаардлагатай барилгын ажилд 2016 онд хоёр тэрбум төгрөг төсөвлөж өгсөн юм. Ингээд л барилгын карказаа босгосон гүйцэтгэгч компани санхүүжилтгүй болж, ажлаа зогсоосон. Энэ хойгуур түлэнхийтэйгээ тэмцэж буй иргэд шаардлагатай зарим эм, тариагаа гаднаас өөрсдөө худалдан авч, 70 ортой тасагт шахцалдан эмчлүүлж байна.
Одоогийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасаг тусдаа эмнэлгийн барилгатай байхдаа 250 гаруй өвчтөн хэвтүүлэх ортой, түлэгдэж ирсэн өвчтөнүүдэд хагалгаа хийж, эмчлэхээс гадна түлэгдэлтийг дагасан нөхөн сэргээх эмчилгээ, нохой, могой зэрэг амьтад хатгуулсан, биеийн аль нэг хэсэг нь холгож, цоорсон зэрэг өвчтэй бүх хүнийг авч, дамжлагын дагуу цогцоор нь эмчилдэг байжээ. Гэтэл түрээсийн байр, ГССҮТ-ийн нэг тасаг болон ажилласан тэр үеэс түлэнхийн төвийн үндсэн цогц эмчилгээ алдагдаж, зөвхөн өнөө маргаашийнхаа ачааллыг харж, түлэгдэл нь 20 хувиас дээш зэрэгтэй гарсан хүнд шаардлагатай хагалгааг нь хийж, дараа нь өвчнийг нь дарах төдий аргацаах байдлаар түлэгдэлтийн өвчинтэй тэмцэж байна. Өөрөөр хэлбэл түлэгдэлтийн хагалгааны дараах нөхөн сэргээлт, физик эмчилгээ, сорвийг багасгах гоо сайхны эмчилгээнүүд бүгд орхигджээ.
Зураглаач Н.БАТМӨНХ