Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж шалгаж эхэлснээс хойш есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр буйг өнөөдөр Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга Э.Амарбат мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж буй юм.Прокурорын байгууллагаас хийсэн тайлбараар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж эхэлжээ. Гэхдээ дээрх хэрэг нь нууцын зэрэгтэй учраас үүнээс илүү мэдээлэл өгөхгүй гэдгийг Э.Амарбат дарга учирласан юм.
Өөр нэг эх сурвалж Б.Булганы өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг дурдаад, тагнуулын ажилтнууд түүнийг байцааж эхэлснийг онцолсон.
Д.УУДАМ