Монголчуудыг баяр наадамд бялуурч байх зуур инфляцийн төвшин баяртайгаар хөөрөгдсөөр. Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 10-нд гаргасан ээлжит судалгааг сонирхвол, хэрэглээний үнийн улсын индекс 2011 оны өмнөх сарынхаас 0.4 хувь, 2010 оны 12 дугаар сарынхаас 4.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өссөн байна. Энэ өнөөдрийн байдлаар инфляци 9,8 хувьтай байгаа гэсэн үг. Инфляцийн хурдыг эрчимтэйгээр гүйлгэх болсон шалтгааныг статистикчид ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд тээврийн бүлгийн дүн 8.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 0.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ хэмээн оншилсон байх юм. Тэгэхээр автобусны үнэ 400, микроавтобусны үнэ 500-600 болсон нь инфляци өсгөх нэг шалтгаан болсон бололтой. Ажилгүйдэл нэмэгдсэн гэх бараандуу мэдээнээс гадна улсын төсөв өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад ашигтай гарсан талаар таатай мэдээг статистикчид онцолж байна. Ажилгүйдэл зөвхөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт багагүй байгаа аж. Идэвхтэй ажил хайгчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь Монголд ажлын байр мянга мянгаараа хэрэгтэй байгааг харуулж байна. Статистикийн мэдээнээс харахад, ажилгүйдлийн рентинг баруун бүсэд нэлээд өндөр байгаа аж. Харин уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж эхлээд байгаа говийн болон зүүн бүсэд харьцангуй бага байна. Сайн мэдээ нь гэвэл төсвийн урсгал орлого 1918.1 тэрбум төгрөг, урсгал зардал 1523.1 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 395 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэх. Өмнөх оны мөн үед улсын нэгдсэн төсөв 167.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан аж. Тэгвэл Монгол Улсын авдарт орох орлого тэлэх болсон шалтгаан нь Өмнөх оны мөн үеийнхээс татварын нийт орлого 617.8 тэрбум төгрөг,дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 257.9 тэрбум төгрөг, бусад татварын орлого 208.4 тэрбум төгрөг, гадаад худалдааны татварын орлого 71.1 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 64.4 тэрбум төгрөг, орлогын албан татвар 14.1 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлжээ. Баялаг бүтээгчид, татвар төлөгчдийн шаргуу ажилласны үрд дүнд ийнхүү улсын төсөв ашигтай гарсан гэдгийг онцлох нь зүйн хэрэг байх. Учир нь төсөв ашигтай гарахад дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 257.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Хэдийгээр улсын төсөв тэлсэн ч өрхийн төсөв зарлагаа нөхөж чадахгүйд хүрчээ. Өрхийн төсөв “алдагдалтай” гарах шалтгаан нь автобус унаа, бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0,4-8,4 хувиар өссөн нь нөлөөлсөн бололтой. Хэдийгээр сар бүр иргэндээ 21 мянган төгрөг “бэлэглэж” байгаа ч хариуд нь шатахууны үнийг өсгөж, автобусны тасалбарыг нэмсэн нь өрхийн орлого зарлагаа гүйцэж чадахгүйд хүргэсэн аж. Төрийн өгч байгаа 21 мянган төгрөг иргэний сарын амьдралд төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа бололтой.
Монгол Улс 2011 оны эхний хагас жилд дэлхийн 113 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4718.3 сая ам.доллар, үүнээс экспорт 1992.8 сая ам.доллар, импорт 2725.6 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний хагас жилд 732.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 685.1 сая ам.доллар буюу 15.4 дахин өсчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 6 дугаар сард 12.6 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2011 оны 6 дугаар сард 193.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2053.4 сая ам.доллар буюу 77.1 хувь, үүнээс импортын хэмжээ 1369.3 сая ам.доллар буюу 2.0 дахин, экспортын хэмжээ 684.1 сая ам.доллар буюу 52.3 хувиар өсчээ.
Ж.ГЭГЭЭ