С.Уудам: Монгол дуучидтай хамтарч дуулах гоё байх гэж төсөөлж, мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2016.08.17-нд нийтлэгдсэн

С.Уудам: Монгол дуучидтай хамтарч дуулах гоё байх гэж төсөөлж, мөрөөддөг

Монголчуудад “Алсад суугаа ижий” дуугаар танигдсан  Өвөрмонголын дуучин хүү С.Уудам манайд улсад иржээ. Энэ удаад тэрээр ӨМӨЗО-ны соёлын өдрүүдэд оролцож, ая дуугаар өргөхөөр ирсэн байна. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Хамгийн сүүлд хэзээ Монголд хэзээ ирсэн бэ. Сэтгэгдэл ямар байна?

-Өнгөрсөн жилийн намар тоглолтоор ирсэн. Ер нь Монголд боломж гарвал ойр ойрхон ирэх дуртай. Бараг найм дах удаагаа ирж байна. Ирэх болгонд халуун дулаан зүйл мэдрэгддэг. Монгол нутгийг онгоцны цонхоор харж явахдаа олон зүйлийг боддог. Сэтгэл сайхан байдаг. Гадаадад суралцаж байгаа болохоор тэр бүр ирж чадахгүй байна.

-Уран бүтээл хийж байна уу. Сүүлийн үеийн сонин сайхан юу байна?

-Одоохондоо уран бүтээл хийгээгүй байна. Канад улсад арваннэгдүгээр ангид суралцдаг учраас хичээлдээ шамдахыг илүүд үздэг. Цаашид Канад улсдаа арванхоёрдугаар ангиа төгсөөд их сургуульд нь үргэлжлүүлэн сурах бодолтой байгаа. Мэдээж мөрөөдөл, сонирхлынхоо дагуу дууны чиглэлээр сурна. Сайн дуучин болно гэж хичээж байгаа. Канад улс цэвэрхэн, хүмүүс нь соёлтой учраас тэнд сурч амьдрах сайхан байдаг.

-Соёлын өдрүүдэд оролцохоор ирсэн гэсэн. Ямар уран бүтээлээ монголын үзэгчдэд сонирхуулах вэ?

-Өвөрмонголын соёлын өдрүүд тохиож байна. Энэ арга хэмжээнд манай Таван тансаг Хөлөнбуйр дууны бүлгэм хүүхдүүдтэйгээ,  хоёр багш,  эгчтэйгээ тоглолтод нь оролцохоор ирсэн. Монголын ард түмэн миний “Алсад суугаа ижий” дуунд их дуртай. Тиймээс энэ дуугаа дуулна. Өөр дуунууд ч бий.

-Дахиад хэзээ монгол дуу дуулах вэ?

-Одоохондоо “Алсад суугаа ижий”-гээс өөр монгол дуу дуулаагүй. Шинэ уран бүтээл хийхийг хүсч байна. Гэхдээ хоолойгоо яг сайхан гаргаж дуулж чадахгүй байгаа учраас уран бүтээл хийж чадахгүй байгаа.

Гавъяат С.Жавхлан ахын тоглолтод оролцсоноос хойш монгол дуу дуулах их сонирхолтой болсон. Дахиад монголын мундаг дуучидтай хамтарч уран бүтээл хийхийг маш их хүсдэг. Үнэхээр гоё байх гэж төсөөлдөг. Шинээр дуулагдаж байгаа монгол дуунуудыг бараг алгасахгүй сонсдог. Маш мундаг дуучин, тоглогч болохыг зорьж байна.

-С.Жавхлан холбоотой байдаг уу?

-Холбогдоогүй. Улстөрч болсныг нь мэдээгээр сонссон.

С.САРУУЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж