Монгол Улс есөн улстай хийсэн ялтан шилжүүлж авах гэрээнийхээ хүрээнд энэ оны эхний долоон сарын байдлаар БНХАУ-д ял эдэлж байсан нэг ялтанг шилжүүлэн авч, таван ялтны хүсэлтийг хянаж дөрвөн хүсэлтийн шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан тухайгаа Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд гурван иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын нэг иргэн, БНХАУ-ын хоёр иргэн байна. Эдгээр иргэдийн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт танилцуулан холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжилжээ. Харин гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын дөрвөн иргэнийг БНСУ, Малайз, БНТурк Улс, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтүүдийг нь холбогдох байгууллагуудад УЕПГ-аас хүргүүлсэн гэлээ.
Д.УУДАМ