Дорнод аймаг ”Үндэсний цом”-д хоёр дахь удаагаа түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.08.16-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг ”Үндэсний цом”-д хоёр дахь удаагаа түрүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом 2016” тэмцээнд “Дорнод” аймгийн шигшээ баг түрүүллээ.

Анх удаа хөдөө орон нутагт тэр дундаа Сүхбаатар аймагт зохиогдсоноороо онцлогтой “Үндэсний цом 2016” тэмцээн наймдугаар сарын 8-14-ний өдрүүдэд Баруун-Урт хотын ногоон талбайд явагдсан.

Тэмцээний “С” хэсэгт багтан 27 гоол оруулж нэгийг ч алдаагүй “Дорнод” аймгийн баг шөвгийн наймд “Ховд”-ыг 1:0-р, хагас шигшээд “Увс”-ыг 6:2-оор хожсон бол шигшээ тоглолтод “Орхон” аймгийн багийг 3:0-ээр буулган авч “Үндэсний цом” тэмцээнд хоёр дахь удаагаа аваргаллаа. Харин тэдэнд хожигдсон “Орхон” аймгийн баг энэ тэмцээнээс гурав дахь удаагаа мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийн төлөөх тоглолтод өнгөрсөн жилийн дэд аварга “Увс” аймгийн баг тэмцээнийг зохион байгуулагч “Сүхбаатар”-ын багийг 4:1-ээр хожиж, хоёр жил дарааллан шагналын тавцанд гарлаа.

ДҮН:

  • Алтан медаль: Дорнод – Орхон 3:0
  • Хүрэл медаль: Увс – Сүхбаатар 4:1

Нийт 15 аймгийн 300 орчим тамирчид оролцсон тэмцээний шилдгүүдийг шалгаруулахад зургаан тоглолтод хаалгандаа хоёрхон гоол алдсан Б.Батсуурь /Дорнод/ шилдэг хаалгачаар өрсөлдөгчгүй тодорсон. Мөнгөн медаль хүртсэн “Орхон” аймгийн шигшээ багийн ахлагч Б.Ганзориг шилдэг хамгаалагч болсон бол шилдэг хагас хамгаалагчаар “Дорнод” аймгийн З.Баярцогт шалгарлаа. Мөн тэмцээний турш нийт 13 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэсэн Б.Баяржаргал /Дорнод/ шилдэг довтлогч боллоо. Шилдэг довтлогч Б.Баяржаргалд “Сүхбаатар” аймгийн Засаг Даргын орлогч дарга Т.Амарбаатар шилдгийн шагналаас гадна хурдан удмын даага бэлэглэж баяр дээр нь баяр нэмсэн. Мөн тоглолт бүрийг үнэн зөвөөр дэнсэлсэн шилдэг сайн шүүгчээр МХБХ-ны хоёрдугаар зэрэглэлтэй шүүгч Т.Галдансүх тодорлоо.

Түүнчлэн “Үндэсний цом 2016” тэмцээнийг өөрийн аймагтаа амжилттай зохион байгуулсан “Сүхбаатар” аймгийн ЗДТГ, ХБХ-ы хамт олонд МХБХ-ы зүгээс талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардуулсан. Шагнал гардуулах үйл ажиллагаанд өөрийн биеэр ирсэн МХБХ-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир тэрхүү талархалын бичиг, дурсгалын зүйлийг Засаг даргын орлогч дарга А.Амарбаатар болон аймгийн ХБХ-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дүгэрсүрэн нарт уламжиллаа.

ШИЛДГҮҮД:

  • Хаалгач Б.Батсуурь /Дорнод/
  • Хамгаалагч Б.Ганзориг /Орхон/
  • Хагас хамгаалагч З.Баярцогт /Дорнод/
  • Довтлогч Б.Баяржаргал /Дорнод/
  • Шүүгч Т.Галдансүх /МХБХ-ны II зэрэглэлтэй шүүгч/

 

 

Тэмцээний нэгэн

8.13:

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж