Барак Обама тэдний гэр бүл 5,5 сая долларын орлоготой

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Барак Обама тэдний гэр бүл 5,5 сая долларын орлоготой

Барак
ба Мишель Обама нар  2009 онд 5,5 сая долларын орлого олсон гэдгийг 
өнгөрсөн пүрэв гаригт олон нийтэд мэдэгдлээ. Хоёр жилийн өмнө  тэдний
орлого 2,8 сая ам.доллар байсан бол өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдсэн
нь оюуны бүтээлтэй нь салшгүй холбоотой юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обамагийн “Миний эцгийн мөрөөдөл” ба “Найдварын зориглол” (Dreams
from My Father, The Audacity of Hope) ном нь уншигчдын хүсэн хүлээж
байсан бүтээл байсан учир ийнхүү орлого нэмэгдүүлэх үндэс нь болсон
гэнэ. Барак Обамагийн уран зохиолын бүтээлүүд сүүлийн жилүүдэд түүнд
багагүй мөнгө авчирсан бөгөөд өнгөрсөн  жил номноосоо дөрвөн саяын
орлого олжээ. Ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай АНУ-ын төсөвт татвар
болгон 1,8 сая долларыг өгчээ. Түүнээс Барак Обама өөрийн төрлөх
Иллинойс мужийн төсөвт 163 мянган долларын татвар оруулжээ.
Обамагийн
орлого зарлагын мэдүүлэгт сайн дураараа буяны 40 байгууллагад 329
мянган доллар хандивласны 50 мянга орчмыг нь CARE гэх хүмүүнлэгийн
байгууллагад, 50 мянган ам.долларыг өнгөт арьстан оюутнуудыг
санхүүжүүлдэг United Negro College Fund гэх буяны санд тус тус өгчээ.
Ерөнхийлөгчийн хосууд өөрийн орлогын 5,9 хувийг буяны үйлст зориулсан
байна.
The New York Times сонинд бичсэнээр Нобелийн шагналын мөнгө
нь Нобелийн хорооноос шууд буяны байгууллагуудад илгээгдсэн учир
Обамагийн мэдүүлэгт тусгагдаагүй гэнэ. Сануулахад, АНУ-ын ерөнхийлөгч
өнгөрсөн жилийн аравдугаар
сард Нобелийн энх тайвны шагнал авсан ч дагалдах 1,4 сая ам.долларыг
гардаж аваагүй юм. Тиймээс  орлого, зарлагын мэдүүлэгтээ тэр мөнгийг
буяны үйлст зориулсан гэж бичихийг хориглосон аж.

Экс-ерөнхийлөгч Клинтоныг ном бас баяжуулав

 АНУ-ын
ерөнхийлөгч асан Билл Клинтон албан тушаалаа өгснөөс хойш 2000-2007
онуудад 52 сая ам.долларын орлоготой байжээ. Энэ хугацаанд тэрээр
"Миний амьдрал " ($23 сая) ба "Бэлэглэлт" ($6 сая) гэсэн хоёр номоороо
29,5 сая ам.долларын орлого олсон ажээ.


Харамч дэд ерөнхийлөгч гэж нэрлүүлэв

АНУ-ын
дэд ерөнхийлөгч Жозеф Байден, хоёр дахь хатагтай Жилл Байден хоёрын
орлого 2009 онд олны анхарал татах хэмжээнд байсангүй. Хосууд нийтдээ
333 мянган ам.долларын орлоготой байв. Байденыхан улсын төсөвт татвар
болгон 71 мянга, Делавер ба Виргиниа мужийн төсөвт 14 мянган долларыг
тус тус төлсөн байлаа. Байденыхан өөрийн орлогоос буяны үйлст 4000
орчим доллар өгснийг сэтгүүлчид олж үзээд харамч гэж нэрийдэх
болжээ.Буяны үйлст тэд орлогынхоо 1,44 хувийг зарцуулжээ. Washington
Times сонинд мэдээлснээр өндөр албан тушаалтан болон буян үйлдэгчид
дунджаар жилийн орлогын 3-5 хувийг хандивладаг ажээ.

Обамагаас 50 дахин бага орлоготой Медведев

Кремлийн
сайтад нийтлэгдсэн татварын мэдүүлэгт Оросын ерөнхийлөгч 2009 онд 3,3
сая рублийн орлоготой ажилласан нь 114 мянган ам.доллар болж байна.
Ийнхүү Оросын ерөнхийлөгч өнгөрсөн жилд Америкийн ерөнхийлөгчийн
орлогоос 50 дахин бага мөнгө олжээ.
Ерөнхийлөгч Д.Медведевын
орлогын мэдүүлэгт тэрээр эхнэр Светланагийн хамт 367,8 кв.м байртай,
Оросын  банкууд дахь 12 дансандаа 3,6 сая рублийн хадгаламжтай гэж
бичжээ. Мөн түрээсэлдэг 4,7 мянган кв.м газартай, 1948 онд үйлдвэрлэсэн
ГАЗ 20 “Победа” машинтай ажээ. Харин тэдний буяны хандивын талаар
мэдээлэл огт өгөөгүй байлаа.
Ерөнхий сайд В.Путин өнгөрсөн жилд
ерөнхийлөгчөөсөө 3,9 сая рублийн илүү орлогтой ажиллажээ. Түүний
цэргийн тэтгэвэр нь 100 мянган рубль өгдөг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж