Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Заавал үзэх хичээл

“AР агентлаг”-ийн сэтгүүлч Майкл Кон “Монголчууд 80-350 ам.долларын цалинтай хэрнээ “Central Tower”-т байрлах брэндийн дэлгүүрүүдээс 1100 доллараар гутал, нүдний шилийг 800 ам.доллараар худалдаж авдаг” талаар хэдэн жилийн өмнө бичсэн “Монголчууд тансаглах дуртай” нийтлэлдээ дурдсан байдаг. Энэ бол өнөөгийн Монголын нийгмийн нийтлэг төрх гэж хэлэхэд буруудахгүй биз.

Жишээлбэл, “Ланд 200” унаж, “Зайсан”-д өндөр зэрэглэлийн байр хөлсөлж, 9911-тэй дугаар барьдаг “баян” хүнийг би танина. Тэр банкинд асар их зээлтэй. Банкнаас зээл аваад тансаг хэрэглээндээ зарцуулчихдаг нь түүний хувьд гайхах асуудал биш. Тэгвэл нэгэн найз маань банкнаас зээл аваад булган шуба, брэндийн цүнх авах жишээний. Ажлынх нь хүүхнүүд бүгд булган шуба өмсч, брэндээр хувцасладаг болохоор тэднийг дурайхаас өөр аргагүй байгаагаа учирлана.

Өөр нэгэн танил маань хоёр саяын гар утас “Мобиком”-оос зээлж аваад, хоёр ч хонолгүй хулгайд алдчихсан. Одоо хулгайд алдсан утасныхаа мөнгийг сар болгон төлөөд явж байна. Энэ мэт “цээж өвчин”-өөр өвчилсөн, ядуу мөртлөө тансаг хэрэглээтэй монгол олон. Тэгсэн хэр нь ээ цалин нь амьдралынх нь хэрэгцээг хангаж чадахгүй байгааг үргэлж гомдоллож явдаг нь манайхны хувьд гэм биш зан болжээ.

Хаа сайгүй л хямралд өртөж, санхүүгийн байдал сайнгүй байгаагаа ярьж, хэлж, шүүмжилж байна. Харамсалтай нь, улс нь ч, иргэд нь ч тансаглах дуртай, санхүүгийн боловсрол, сахилга батгүй болохоор хямрахаас ч аргагүй, хямралд нэрвэгдэхээс ч яах билээ.

Санхүүгийн боловсрол гэдэг маань нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийг хэлдэггүй. Өөрөөр хэлбэл, хэдхэн тоог эдийн засаг гэж ойлгож, хэдэн тоо бодохыгоо санхүүгийн боловсрол гэж эндүүрдэгт өнөөгийн хямрал, бидний ядуу амьдарч байгаа гол учир оршиж буй юм. Хэдийгээр нийт иргэдийн 90 орчим хувь нь банкны бүтээгдэхүүний тухай ойлголттой боловч бусад санхүүгийн хэрэгслүүд болох даатгал, хувьцаа, валют арилжаа зэрэг чухал ойлголтуудаар маруухан.

Чухамдаа бол “Эх хээр алаг бол хүү нь шийр алаг” гэгчээр бидний үр хүүхдүүд маань ч үрэлгэн заралган болж байгаа нь эцэг, эхчүүд бидний л үлгэр дурайлал шүү дээ.

Мэдээж хүн бүр санхүүч эсвэл эдийн засагч болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүн болгон санхүүгийн шийдвэрүүдийг өдөр тутмын амьдралдаа, алхам тутамдаа гаргасаар байдаг. Зарим шийдвэрүүд энгийн, амархан, үр дагавар багатай мэт боловч буруу шийдвэр гаргаад байвал урт хугацаандаа санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарах нь бий. Яг өнөөдрийн Монголын эдийн засагт илэрч байгаа хямрал бол санхүүгийн боловсролгүй улсын тод жишээ л дээ.

Үүнийг өөрчлөхийн тулд, ирээдүйд санхүүгийн сахилга баттай иргэдийг бэлтгэх үүднээс энэ жилээс Ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангид “Бизнес судлал” хичээлийг заахаар болжээ.

Энэ хичээлийг хэн заах вэ, ийм бэлтгэгдсэн багш нар Монголд хэд байгаа вэ. Бидний хүүхдүүд юу сурах вэ. Ямар мэдлэг, боловрол эндээс олж авах вэ. Цаашлаад хэн болох вэ? Энэ мэтээр олон олон асуултыг эцэг, эхчүүд тавих нь зүйн хэрэг.

“Бизнес судлал” хичээлийг нийгмийн ухааны багш нар заах бөгөөд, өнгөрсөн жилээс эхлэн зарим сургуулиуд туршилтын хэлбэрээр үзэж эхэлжээ. Туршилтын үр дүн нь “онц сайн” гарсан байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн санхүүгийн боловсролдоо хандах хандлага эрс өөрчлөгдөхийн хэрээр, хуримтлалаараа компани байгуулж, зуны амралтаараа орон нутгийн иргэдийг цалинжуулж ажиллуулсан тохиолдол ч байгаа гэнэ.

Хүүхдүүд аль болохоор хэрэглээндээ хямд төсөр зүйл ашиглах, цаашлаад санхүүгийн боловсрол нь зөвхөн санхүүгийн асуудал биш эрүүл мэнд, нийгэм, харилцааны асуудал юм байна гэдгийг ойлгож эхэлсэн байна.

“Оюутан залуус, бага насны хүүхдэд санхүүгийн мэдлэгийг үе шаттай олгох нь тэд ирээдүйд хэн болох, хэрхэн хуримтлал үүсгэх вэ гэдэгт суралцахад дөхөм болно. Мөн санхүүгийн чадавх бэхэжсэнээр эдийн засгийг бүхэлд нь дэмжиж, хэрэглээг биш хуримтлалыг чухалчлах, иргэдийн хадгаламж нэмэгдэж, өр багасч, хувь хүний ажлын бүтээмж нэмэгдэнэ, түүнчлэн хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өснө, даатгалтай иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ гэмт хэрэг, ядуурлын түвшин буурна гэх мэтээр олон давуу талууд харагдаж байгаа. Төрөл бүрийн санхүүгийн залиланд ч өртөх нь ч багасна” гэж БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ярьж байна. Харин СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн багш нар “Иргэдийн санхүүгийн суурь боловсролд одооноос түлхүү анхаарч эхэлж байгаа нь эдийн засгийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлнэ. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн чухал” гэдгийг онцолсон юм.

Санхүүгийн боловсрол бол монголчуудын хувьд шинэ зүйл үү. Үүнд мэргэжилтнүүд үгүй гэсэн хариултыг өгч байна. Өнөөдөр л монголчууд залхуу, дээр нь тансаглах дуртай болчихсон болохоос үнэндээ эрт дээр үедээ бидний өвөг дээдэс санхүүгийн мэдрэмжтэй, сахилга баттай байжээ. Адаглаад л ямар үед мах идэж, ямар үед цагаан хоолоор хооллох вэ гэдгээс эхлээд, малынхаа бүх арьс, шир, ноос, ноолуурыг боловсруулж ирсэн бол өнөөдөр толгой шийр, гэдэс дотор иддэг айл байхгүй болсон нь худлаа биш.

Хүүхдэд бага наснаас нь санхүүгийн боловсрол олгосноор ядаж л хэрэглээгээ тооцож сурна. Бүр цаашлаад аль хэрэглээгээ танаж, аль хэрэглээгээ нэмэх вэ гэдгээ мэддэг болох нь Монголд өнөөдөр үгүйлэгдээд буй санхүүгийн сахилга батын нэг хэсэг. Ядах нь, орох оронгүй байж ланд унадаг, цалин багатай хэр нь ээ брэнд хөөцөлддөг иргэд цөөрнө. Дээр нь мэдлэг боловсролоо яаж мөнгө болгох вэ гэсэн санхүүгийн ухаанд суралцана. Өнөөдөр Монголын эрдэмтэд, шинжлэх ухааныхан бүтээлээ зах зээлд яаж мөнгө болгохоо мэдэхгүй л сууж байна шүү дээ. Тэрчлэн хүүхдийнхээ, хүсэл зорилгыг үл харгалзаад аль нэг дээд сургуулийг бараадуулчихдаг эцэг эх цөөнгүй. Их сургууль төгссөн хүүхдүүд нь дээд сургуулийн дипломтой худалдагч, зөөгч болох жишээний. Энэ бас л монголчуудад санхүүгийн боловсрол дутагдаж буйн нэг тод жишээ.

Тэгвэл “Бизнес судлал” хичээлийн үр дүнд бидний үр хүүхэд санхүүгийн боловсролтой, сахилга баттай иргэн болно. Сахилга баттай иргэдтэй улс орны санхүү сахилга баттай байна. Үгүй дээ, найман зуун тэрбум төгрөгийг салхинд цацах, халамжийн хавтгайрсан бодлогыг хэрэгжүүлдэггүй болно. Санхүүгийн боловсролын цаад том зорилго нь энэ. Тиймээс санхүүгийн боловсрол бол заавал үзэх хичээлийн нэг байх ёстой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж