Монголч эрдэмтэд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтэд чуулж байна

АСЕМ-ын дараа зохион байгуулж байгаа олон улсын томоохон арга хэмжээ гэж болох Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийж байна. Нээлтийн үеэр академич Б.Ринченгийн нэрэмжит шагналыг гурван монголч эрдэмтэнд гардуулсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон улсын Монголч эрдэмтдийн их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн ёсоор ээлжит XI их хурал ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвийн дор болох юм.

Энэхүү хурлыг Олон улсын Монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.

Тус хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар итгэл хэлэлцүүлэх аж.

Олон улсын монгол судлал нэгдсэн зохион байгуулалтад орсон цагаас хойш буюу 1959 оноос хойш өдийг хүртэл энэхүү хуралдааныг зохион байгуулж байна. Их хуралд ирсэн эрдэмтэд зөвхөн хуралд суугаад буцахгүй манай академи, хүрээлэнгийн эрдэмтэдтэй Монгол судлалын чиглэлээр судалгаа хийх аж.

Олон улсын Монгол судлалын холбооны дүрмийн дагуу таван жил тутамд зохин байгуулдаг Монголч эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулдаг болсон билээ.


Монголч эрдэмтдийн их хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг долоодугаар сард, Олон улсын Монголч эрдэмтдийн их хурлыг наймдугаар сард зохион байгуулж байна. Монголч эрдэмтдийн их хурал анх 1959 онд чуулснаас хойш хагас зууны түүхийг бичжээ. Монгол судлалын галыг өрдсөн эрдэмтдийн араас олон алдар цуутай эрдэмтэд төрөн гарч байгаа билээ. Монгол бол эртний түүхтэй, өв уламжлалтай, түүх соёлын арвин өвтэй үндэстэн юм. Бид даяаршлын эрин цаг үед үндэсний ижилслээ хадгалахын сацуу, хүн төрөлхтний ололт амжилт, эрин цаг үетэй хөл нийлүүлэн урагшлахыг эрмэлзэж яваа ирээдүйн их зорилготой улс юм. Монгол хүний бүтээсэн соёл нь нүүдэлчдийн эрин цаг үед бүтсэн, шинэ соёл нь суурьшиж буй өвөрмөц хэв шинжтэй. Бид монгол хэл, соёлд анхаарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Би 2011 онд Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын Монголч эрдэмтдийн X их хурал дээр Монголын төрөөс Монгол судлалыг онцгой анхаарч, дэмжих цаг болсныг онцлон тэмдэглээд, Монгол судлалыг дэмжих сан байгуулах санал дэвшүүлж байсан. Энэ санал эдүгээ нэгэнт биеллээ олж монголч эрдэмтдийг дэмжих олон үйл ажиллагаа явуулж байна. Уг бодлогын хүрээнд “Монгол судлалын үндэсний зөвлөл” байгуулан ажиллаж байгаа төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэн ажилдаг. 2010 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг угтаж  монгол бичгээ сэргээх төрийн бодлогыг идэвхжүүлэх зорилгоор монгол бичгийн  албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах албан тушаалтанд илгээх албан бичгийг монгол бичгээр хавсарган илгээж байх. Иргэний төрсөн, гэрлэлтийн гэрчилгээ, дипломыг монгол бичгээр хавсарган олгож байх ажил хэрэгжиж байна. Мөн Монгол бахархлын өдөртэй боллоо. Хийсэн ажил чамгүй байна, хийх ажил ч их байна. Монгол төрийн хараа монгол судлалаас алхам ч холдоогүй. Судалгааны талбар тэлж байгаа учраас монгол төрийн бодлого энэ салбарт тогтвортой байх ёстой. Судалгааны бүтээлч чадвартай залуу эрдэмтдийг дэмжих хэрэгтэй. Нутаг нутгаараа талцах хэрэггүй гэдгийг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Олон улсын эрдэмтэн судлаач та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Монгол судлалыг дэмжих үндэсний зөвлөлийн өмнөөс та бүхэнд талархал илэрхийлмээр байна. Бид жил тутам монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тодорхой төсөв баталж ажиллаж байна. Монгол судлалыг бодлогоор дэмжсэний үр дүн нь энэ салбарыг сонирхох залуу эрдэмтэд төрөн гарч байна. Монголч судлаачид бол монголын талаар хамгийн бодитой баримт мэдээллийг дэлгэн тавьдаг билээ. Дээр дурьдсан эерэг зүйл байгаа ч төсөв хөрөнгийн гачигдлаас болж гадаадын монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж чадахгүй байна. Цаашид төсөв хөрөнгийн боломжийг харгалзан үзэж гадаадын монгол судлалын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг болгоод буй” гэлээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж