ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ ГЭВ
- Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах шаардлагагүй гэж бодсон. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Үнэн бодит байдлаа мэдээлж байж эх үүсвэр босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжид тоон мэдээллээ үнэн зөв, бодитоор гаргаж тавьсан. Цаашдаа үүндээ үндэслээд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэж өчигдөр МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлжээ.
- Өнгөрсөн тавдугаар сард ҮСХ-ноос улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2 их наяд 85 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2 их наяд 962.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж мэдэгдэж байсан. Гэтэл хоёр сарын дараа буюу 2016 оны эхний долоодугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5 их наяд 14.3 тэрбум төгрөг болсон гэж ҮСХ-оос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын дотор Монгол Улсын бусдад төлөх өр, төсвийн зарлага хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэрээр өчигдөр албан ёсоор ажлаа хүлээж авлаа. Тэрээр тамгаа хүлээж аваад спортыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн юм.
- БНСУ, Австрали зэрэг улсаас гадны эмч нар ирэх тоолон түлэнхийгээс үлдсэн сорви, татсан арьсаа эмчлүүлэхээр 200-300 иргэн тогтмол дугаарлан зогсдог болжээ. Жилд 1600 хүн түлэгдэж, эмчилгээ хийлгүүлдэг гэж үзвэл дор хаяж 1000 нь заавал нөхөн сэргээх, сорви багасгах зэрэг дагалдах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Гэвч энэ эмчилгээ Түлэнхийн төв барилгагүй болсноос хойш зогсжээ.
- Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын/2016.08.14/ ес дэх өдөр 60 кг-д өрсөлдөж буй Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын Софьян Умиатай тоглосон юм. Хоёр боксчны хувьд хүрэл медалийн болзол хангаж, улмаар медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулааныг хийлээ. Тоглолтын үр дүн 3:0 онооны харьцаагаар Францын тамирчны ялалтаар өндөрлөсөн. Энэхүү тоглолтын дараа Д.Отгондалай сэтгүүлчдийн цөөн асуултад хариулсан. Тэрбээр “Нэг дэх үед би гарцаа байхгүй 3:0-оор хожсон гэж бодож байлаа. Хоёр дээр ч оноо илүү байх ёстой гэж бодсон. Гуравдугаар раунд дээр харин оноо доогуур байна гэхээр нь урагшаа нилээн дайрч, хайхрамж алдсан тал бий. Маш харамсалтай байна /Уйлав/. Эхний хоёр раунд монголчууд бидний ялалт байсан. Гэхдээ бүх чадлаараа хичээн зүтгэсэн ч та бүхнийхээ итгэлийг алдаж, ялагдал хүлээлээ” гэжээ.
- “Эрээн хотод болох 7 дахь удаагийн Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Энэхүү чуулга уулзалт нь Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал гүүр холбоос болж, олон улсад нөлөөлөх хүч нь тасралгүй дээшилсээр байна. Монгол Улс идэвхтэй оролцож байгаад баяртай байна” гэлээ. Мөн тэрээр Эрээн, Улаанбаатар хоттой боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Эрээн хотын байнгын орлогч дарга Уул өчигдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйтай уулзах үеэрээ илэрхийлжээ.
- ОХУ Туркийн аялал жуулчлал, барилга, хүнсний экспортод хориг тавиад байсан бол үүнийг хүчингүй болгож өнгөрөгч бямба гаригт /2016.08.13/нэг тэрбумын гэрээг байгуулжээ.Тус гэрээг байгуулснаар зогсонги байдалд ороод байсан хамтарсан эрчим хүчний төслүүд хөдөлж эхлэхийн сацуу Оросын жуулчдыг Туркт зорчихыг зөвшөөрснөөр Туркийн аялал жуулчлалын салбарт гэрэл асаж эхлэх юм байна.