Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны II улиралд 0,6 хувиар унажээ. Өмнө нь 1,2 хувийн уналттай байсан гэж Оросын Статистикийн алба, Росстат мэдээлэв.
Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилийн дундажаар 2015 оны I улиралд 2,8 хувь байгаад II улиралд нь хасах 4,5 хувь, III улиралд нь хасах 3,7 хувь, IV улиралд нь хасах 3,8 хувь байлаа. Оросын эдийн засаг 2015 онд ерөнхийдөө 3,7 хувиар унасан.
“Росстат” нь ДНБ-ний энэ оны хагас жилийн уналт/өсөлтийн мэдээг гаргасангүй. Харин Эдийн засгийн хөгжлийн яам эхний хагас жилд эдийн засгаа 0,9 хувиар унана гэсэн юм.
"Оросын ДНБ-ий уналтын хурд нь 2016 оны дөрөвдүгээр сард 0,8 хувь байснаа тавдугаар сард 0,6 хувь, зургадугаар сард 0,5 хувь хүртэл буурсан байна. Улирлын хүчин зүйлийг тооцохгүй бол тэр нь бараг зогсонги байдалтай. Аж үйлдвэрлэл, тээвэр, хөдөө аж ахуй нь II улирлын уналтыг ихээхэн сааруулж өгчээ. Уналтад барилгын салбар, бөөний худалдаа сөргөөр нөлөөллөө” гэж ЭЗХЯ тэмдэглэв.
Оросын эдийн засагт тогтворгүй тэнцэлд байна гэж Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Алексей Улюкаев өмнө нь хэлж байлаа. Гэхдээ III улиралд ДНБ-ний уналт/өсөлт нь 0 хувьтай байх аж. "Энэ бүгд маш хязгаарлагдмал. III улиралд миний бодож байгаагаар ялимгүй хасах, ялимгүй нэмэх ер нь 0 орчимд байх болов уу. Жилийн уналт нь 0,2 хувь байх болов уу. Одоогоор энэ тогтворгүй тэнцэлд байдлыг тодотгон тодруулж байх болно” гэж сайд онцолжээ.
Эдийн засгийн хөгжлийн яам нь нефтийн үнэ дундажаар торх нь 40 ам.доллар байхад энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний уналт 0,2 хувь байна гэж дүгнэсэн байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР