Энэ үг олон сая хүнийг зоригжуулж байна. Бразилийн Рио-де-Жанейро хотноо хүн төрөлхтний спортын их наадам зуны XXXI Олимп үргэлжилж байна. Олимпын наадмын 10 мянган метрийн эрэгтэйчүүдийн уралдаанд Их Британийн тамирчин Мо Фарах түрүүлж, алтан медалийн эзэн болов. Өдгөө 33 настай тэрээр өмнө нь 2012 онд энэ төрөлд мөн тэргүүлж байсан бөгөөд олимпын хошой алтан медальтан боллоо. Уралдааны үеэр Мо Фарах АНУ-ын тамирчинтай мөргөлдсөнөөс болж унасан ч сэтгэл хөдлөлөө барьж, босч тэмцээнээ үргэлжлүүлсээр ялагч болжээ. Түүнийг барианд орж ирэхэд цэнгэлдэхэд цугласан хүмүүс нэрийг нь дуудан уухайлж байв. Мо Фарах энэ төрөлд 34 тамирчинтай өрсөлдөн ялагч болжээ.
Дөрвөн хүүхдийн эцэг Мо Фарах сүүлийн 200 метр хүртэл хоёрдугаарт гүйж байсан ч эцсийн мөчид бүх хүчээ дайчлан тэмцсэн байна. Тэрбээр Олимпод бэлтгэхийн тулд сүүлийн зургаан сар гэр бүлээсээ тусдаа бэлтгэл сургуулилтаа хийсэн аж. Мо Фарах “Би хүүхдүүдийнхээ төлөө үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байсан” хэмээсэн байна. Тэрбээр дөрвөн хүүхдэдээ бүгдэнд нь нэг, нэг медаль авчирч өгөхийг хүсдэг хэмээжээ. Одоо түүний дараагийн зорилго хамгийн бага охин Рианнад медаль авчирч өгөх гэнэ.