Хүн төрөлхтөний спортын гайхамшиг олимпийн их наадам эдгээр өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны олимпийн XXXI наадам эхлээд есөн өдрийг өнгөрөөлөө. Өмнөд Америк тивд анх удаа, Латин Америкт хоёр дахь удаагаа зохиогдож буй олимпийн наадамд сонин хачин их бий. Олимпийн наадам эхлэхийн өмнө олон шүүмжлэлтэй тулгараад байсан ч бразилчууд олимпийн наадмыг амжилттай үргэлжлүүлж байна.
Олимпийн наадамд оролцоно гэдэг өөрөө нэр төрийн хэрэг байдаг. Тэр утгаараа энэ удаагийн наадамд хүссэн тамирчин бүр очдоггүй. Тэд бүгд эрхээ авч очдог. Харин зарим спортын төрөлд цагаан хуудсаар оролцох тохиолдол бий. Үүнийг ч манай усанд сэлэлт болон хүндийн өргөлтийн тамирчид хүртээд авсан. Мөн энэ удаагийн наадамд Олон улсын олимпийн хорооны тугийн дор “Дүрвэгсдийн баг” анх удаа оролцож байна.
Харин иргэншлээ солиод бусад орны нэр дээр оролцох тамирчид цөөнгүй болж ирсэн. Ялангуяа хурдан гүйгчдээрээ алдартай Этиоп, Кенийн олон тамирчид бусад орноос оролцож байна. Ойрын зай болох 100 метрийн уралдаанд Кенийн 10 тамирчин олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн ч тэднээс гурав нь Риог зорьжээ. Тэгэхээр эдгээр тамирчид тамирчныхаа карьерийг дэлхий нийтэд харуулахын тулд иргэншлээ солихоос аргагүй сонголтыг хийдэг.
“Рио 2016” олимпийн наадмын эхний өдрүүдэд жүдо бөхийн төрөл болж, жин бүрийн медальтнууд тодорсон. Манай баг тамирчдын хувьд медаль хүртэх боломжтой төрлийн нэг яах аргагүй энэ төрөл байдаг. Тиймээс өнгөрөгч долоо хоногийн турш бид бүхэн итгэл тавин сууж байлаа. Энэ хүслийг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Доржсүрэнгийн СУМЪЯА биелүүлсэн юм. Харин олимпийн наадамд эх орныхоо нэрийн өмнөөс биш иргэншлээ сольж оролцсон жүдочид олон байсан. Тэр дундаа шилдгийн шилдгээс онцгойрч медалийн тавцанд зогссон нь цөөнгүй байлаа Тэгвэл Риогийн наадамд Молдавт төрсөн ч Арабын Нэгдсэн Эмират Улсын нэрийн өмнөөс оролцсон Сэрги Тома, Монголд төрсөн ч Казахстны нэрийн өмнөөс оролцсон Г.Отгонцэцэг нар олны анхааралд байв.
АНЭУ ЖҮДО БӨХИЙН ТӨРЛӨӨС ОЛИМПИЙН АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Энэ жил 29 настай Сэрги Тома гурав дахь олимпийн наадамд оролцохдоо Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртсэн юм. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 33 орны бөх Риогийн татамид зодоглосон. Тэрбээр “С” хэсэгт багтаж, Герман, Бразил, Японы бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлджээ. Мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Хасан Халмурзаевд дийлдсэн ч Италийн М.Маттеог ялан медалийн тавцанд зогсож хүслээ биелүүлсэн. Сонирхолтой нь Маттео Молдавын Д.Валерийг хожин шөвгийн наймд үлдсэн Италийн жүдочыг хожсон.
Ийнхүү гурав дахь олимпийн наадамд оролцохдоо Молдовын нэрийн өмнөөс биш АНЭУ-ын далбаан дор оролцсон Тома тамирчин хүний мөрөөдлөө биелүүлсэн.
Сэрги Тома өмнөх хоёр олимп болох “Бээжин-2008”, “Лондон 2012”-т оролцохдоо Молдавын нэрийн өмнөөс оролцож байжээ. Бээжинд эхний тойргоос хасагдаж байсан бол Лондонд Японы Такаиро Накайд гуравдугаар тойрогт дийлдэн олимпийн мөрөөдлөө зогсоож байсан байна. Харин түүнд гурав дахь хүсэл нь Риогийн наадамд зодоглох итгэл найдвар байлаа. Тэр шийдвэр гаргаж, Арабын Нэгдсэн Эмират Улсын нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцсон нь тус улсад олимпийн наадмын хоёр дахь медалийг авчраад зогсохгүй жүдо гээчийг мэдэхгүй энэ оронд түүхэн медалийг авчирсан гавьяатан. Томагийн ачаар АНЭУ олимпийн наадамд медалийн чанараар 207 орноос 65 байрт бичигдэж байгаа бол жүдогийн төрөлдөө 136 орноос 26 байрт жагсчээ.
КАЗАХСТАН УЛСЫН ЖҮДО БӨХИЙН ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД ОЛИМПЫН АНХНЫ МЕДАЛИЙГ Г.ОТГОНЦЭЦЭГ АВЧИРЛАА
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг шагналт V байрт орсон бол Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг хүрэл медалийн эзэн болсон.
Г.Отгонцэцэг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Кубын Алберэс Даяарисийг цэвэр ялан Казахстан улсын медалийн тоог нэмсэн. Мөн түүний хувьд тус улсын жүдо бөхийн төрлөөс эмэгтэйчүүдийн анхны медалийг авчирсан түүхийг бичсэн.
Г.Отгонцэцэгийн хувьд 48 кг-д хүчтэй өрсөлдөгчийн нэг. Энэ жинд манай тамирчид өндөр амжилтыг гаргадаг болохоор түүний хувьд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцох болсон. Тэрбээр 2015 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй юм. Учир нь хоёр орны төлөөлөл баримт бичгийг баталгаажуулж, Г.Отгонцэцэг дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстан улсын зорьсон. Тэр цагаас хойш тэрбээр өөрийн гол зорилгодоо анхаарлаа хандуулж, тус улсын аварга болж, олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Өөрийн чансаагаа 0-с эхлүүлсэн Г.Отгонцэцэг олимпийн наадмын өмнөхөн дэлхийн дөрөвт жагссаж чадсан. Тэрбээр Риог зорих хүртлээ оролцсон тэмцээн бүрээсээ медаль дээр бууж байлаа. Хамгийн сүүлд өнгөрөгч долдугаар сард Улаанбаатарт болсон “Чингис хаан” Гран прид М.Уранцэцэгт ялагдан мөнгөн медаль авч байсан юм.
Олимпийн наадамд шилдгийн шилдгүүдтэй өрсөлдсөн Г.Отгонцэцэг Казахстан улстай гэрээ хийсэн учраас дэлгэрэнгүй яриа өгөхгүй байгаа гэдгээ тайлбарласан юм. Тэрбээр “Олимпын медальтан болсонд баяртай байна. Медалийн өнгөө хувиргах боломж байсан ч энэ удаа болсонгүй. Би сонголтоо хийж, Казахстанд очсон. Миний найз М.Уранцэцэг бол шилдэг тамирчин. Бид хамт медалийн тавцанд гарсан бол сайхан байлаа. Казахстан улстай тодорхой хэмжээний гэрээ хийсэн. Өөрийн хэмжээнд амжилт гаргаж чадлаа. Барилдаан бүр л хүнд болсон. Ялангуяа эхний надад эхний тойргийн барилдаан амар байгаагүй. Гэхдээ боломжийг алдсангүй. Сайхан байна” гэсэн юм.
Тэд олимпийн их талбарт эх орныхоо нэрийн өмнөөс оролцоогүй ч спортын талбарт том гавьяа байгуулсан улс. Тэднийг буруутгах учиргүй билээ. Энэ бол зөвхөн жүдо бөхийн төрөлд болсон явдал. Ийм сонголт хийсэн олон тамирчид бий.