Эдийн засгаа эрчимжүүлэх цаг

Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Эдийн засгаа эрчимжүүлэх цаг

Эдийн засгаа эрчимжүүлэх цаг

Мэргэжлийн тодотголтой засаг байгуулахаа амлаж байсан ч “уяачдын” гэх өргөмжлөлийг олон нийтээс хүртээд буй МАН-ын засгийн Сангийн сайд мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж, сошиал ертөнцийг шуугиулаад амжив. Энэ мэдэгдлийн үзүүлэх нөлөө үүгээр дууссангүй. Монгол Улс дампуурлын ирмэгт тулсан хэмээн мэдэгдсэн Сангийн сайдын мэдээллийн араас хөрөнгийн зах зээлд савалгаа үүсч, сөрөг хүчин болсон Ардчилсан намын дарга, нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүлийн хамт мэдэгдэл хийхэд хүргэсэн юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2016 оны баталсан төсвийн орлого 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна гэж мэдэгдсэн. Харин үүний хариуд Ардчилсан намын дарга З.Энхболд “Улсын төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд төгрөгт хүрнэ гэж ярьсан. Манай улсын төсвийн нийт орлого 7 их наяд шүү дээ. Тэгэхээр улсын төсвийн орлого 70 хувиар тасарна гэж тооцоолж байгаа бол энэ улсад татвар төлдөг байгууллага нэг ч үлдэхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэзээ ч байгаагүй, хэзээ ч болохгүй зүйлийг төсөөлөөд яриад байна” гэсэн юм.

Сангийн сайдын хийсэн мэдээлэлд эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх талаар нааштай нэг ч үг дуулдсангүй. Харин өмнөх эрх баригчдад ирээдүйд ирэх хүндрэлийн гэмийг үүрүүлэх гэсэн улстөрчийн нүүдлээс өөр зүйл байсангүй.

Тиймээс ч олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн биз ээ.

Шинээр бүрэлдсэн Засгийн газраас иргэд шийдвэртэй алхам, өмнөх засгийн хэрэгжүүлсэн эерэг үзүүлэлттэй, эдийн засагт тустай ажлыг нь үргэлжлүүлэхийг л хүсч байгаа нь мэдээж. Харин улс төрд өрнөж буй үйл явдлыг ажиглавал ойрын хоёр сардаа дорвитой шийдвэр гаргахгүй, сандал суудлынхаа хуваарилалтыг л хийх бололтой. Гэтэл зуны сар зургаа биш, намрын сар найм биш юм болохоор хэзээний навчис шаргалтаад эхэлжээ. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан, тариалан гээд шийдвэрлэх олон асуудал бидний өмнө бий.

Тиймээс ч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр бараан бүхнийг өмнөх рүүгээ нялзаагаад өөрсдийн үүрэгт хугацаагаа өнгөрөөх гэж байгаа бол хамгийн утгагүй зүйл тэр болно. Угаас сүүлийн 20 гаруй жил эдийн засгийн тогтвортой бодлогогүй, нэгнийхээ хийснийг нөгөө нь үгүйсгэж, эрүүл шийдвэр гаргахаас илүүтэй өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өнөө, маргаашаа аргацаасан бодлого барьж ирсэн нь улстөрчдийн буруу. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газруудад нэг давуу тал байсан нь өнгөрснийг ярьж, муулахаас илүүтэй өөрсдийнхөөрөө зоригтой шийдвэр гаргаж, зарим зүйл дээр алдсан ч оносон зүйл бас чамгүй бий.

Тиймээс ч одоо хэрэлдэх бус хийх цаг. Хошуугаа унжуулан хов хэлж суух биш, гараа хөдөлгөж, ажил хийх цаг. Эдийн засгийн эргэлтэд томоохон ордуудаа оруулахаас эхлээд иргэдээ ажлын байртай болгох хамгаас чухал. Үнэхээр МАН сөрөг хүчин байхдаа хэлээд байсанчлан ажлын байр тийм олноороо үгүй болсон бол түүнийг бий болгохын төлөө ухаанаа уралдуулах цаг болсон.

Долларын ханш өссөөр буй энэ мөчид түүнийг хязгаарлахгүй ургац хураалт хаяанд тулсан энэ цаг дор шатахууны үнийн өсөлтөөс эхлээд биднийг тамирдуулах шалтаг, шалтгаан олон бий. Тиймээс л одоо аль болох эдийн засгаа тордох ухаанаа уралдуулж, шаардлагатай бол сөрөг хүчин, эдийн засагчдынхаа зөвлөгөө, хүчийг дайчлах нь чухал.

МАН, АН-ын бус Монгол гэсэн ганц улс бидэнд бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж