Өвөлжилт хүндэрч болзошгүйг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрч болзошгүйг анхаарууллаа

-Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобуснуудыг техникийн үзлэгт оруулах ажлыг эхлүүлсэн байна. Автотээврийн үндэсний төвөөс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилготойгоор тэдгээр автобуснуудыг наймдугаар сардаа багтаан техникийн хяналтын үзлэгт бүрэн оруулахаар болжээ. Хот хоорондын тээвэрт 1287 автобус үйлчилгээ эрхэлдэг байна.  Техникийн үзлэгт бүрэн хамруулснаар аюулгүй байдлыг давхар хангана гэж үзжээ.

-Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй Олимпийн наадмын хөнгөн атлетикийн төрөлд оролцох ОХУ-ын цор ганц тамирчныг хоригложээ. Сэргээшийн дуулианаас үүдэн Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)  энэ төрөлд Дарья Клишинагаас бусад ОХУ-ын бүх тамирчны эсрэг хориг тавьсан юм. Уртын харайлтын тамирчин Дарья Клишина сэргээш хэрэглээгүй нь тогтоогдон цагаадсан боловч Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хориг тавьжээ. Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн уртын харайлтын тэмцээн ирэх мягмар гаригт эхлэх юм. Өдгөө 25 настай Дарья Клишина хоригийг эсэргүүцэн Олон улсын спортын арбитрын шүүхэд нэн даруй гомдол гаргасан байна.

-Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Хэвтээгийн дов гэдэг газар иргэн А /32 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ сураггүй болж, аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг хийж байсан ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон байжээ. Харин өчигдөр эрлийн ажиллагааг дахин үргэлжлүүлэх хүсэлт ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 24 км газар самналт хийсэн ч мөн өдрийн 21:20 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.

-Өнгөрсөн жилүүдийн жишгийн дагуу үндэсний үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх аж. Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийн нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд элсэн суралцах юм байна. Иймээс зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн их эрэлттэй байх болж буй.Сурагчийн дүрэмт хувцсыг аль компаниас сонгон авахаа тухайн сургууль шийдэх аж. Эцэг, эхчүүд харин хяналт тавих ёстой юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчийн дүрэмт хувцас хоёр жилийн эдэлгээ дааж байх ёстой гэсэн шаардлагыг үндэсний үйлдвэрүүдэд тавьдаг ажээ.

-“Оюутолгой” компани нь хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.  Тус компани энэ оны хоёрдугаар улиралд  329.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 22 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь алтны борлуулалт багассантай голчлон холбоотой юм байна.  Харин  баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй нь дүйцжээ.

Тайланд дурдсанаар “Оюутолгой”  2016 оны хоёрдугаар улиралд 126 сая ам.долларын татвар, хураамж төлсөн бол  136 сая ам.долларын үндэсний худалдан авалт хийжээ.

-Тав хоног тангарагаа өргөхөөр бэлдсэн оюутан цэргүүд өнгөрсөн баасан гаригт Чингисийн талбайд тангараг өргөлөө. Хоёр жилийн өмнөөс эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутны тоо 2014 онд 418, 2015 онд 986 байсан бол энэ зун 1000 гаруйгаар тоологдожээ. Үүнээс энэ хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутан залуусын тоо жил ирэх тусам нэмэгдсэнийг харж болно. Дөрвөн сарын онолын сургалт, хоёр сарын дадлага сургалтад хамрагдаж, цэргийн алба хаасан залуусын ихэнх нь өөрсдийн хүслээр явснаа ярьж байлаа. Тэд өмнө нь жил жилийн зуны амралтаа аялж, ажиллаж нэгэн хэвийн өнгөрүүлдэг байсан бол энэ зун бие бялдраа хөгжүүлж, бие даан өөрт ноогдсон хариуцлагаа ухамсарладаг болсон, бусдын үг дааж сурсан зэрэг эерэг өөрчлөлтийг өөртөө гаргажээ.

-Ирэх өвөл цас их унаж, их хүйтэрнэ. Улмаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүйг ОБЕГ-аас анхаарууллаа. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай зэрэг нийт 15 аймгийн зарим сумдад зуншлага дунд, Дорнод аймгийн Баян-Уул, Дорноговь аймгийн Иххэт, Өмнөговь аймгийн Хүрмэн, Увс аймгийн Малчин, Цагаанхайрхан сумдад зуншлага тааруу байна. Иймээс дээрх аймаг, сумад өвөлжилтийн бэлтгэл ажилд тайван хандаж болохгүй. Өвөлжилт хүндэрнэ гэж сэрэмжлээд өвс, тэжээлийн нөөцөө эртнээс бэлдэх шаардлагатайг ОБЕГ-аас сануулж байгаа юм.

-Монгол Улсын Засгийн газраас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, Төрийн албаны тухай хуулийн 351.2-т “Төрийн албаны төв байгууллага нь сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхээс ажлын 21-ээс доошгүй өдрийн өмнө тухайн албан тушаалын талаар нийтэд  мэдээлнэ" гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтын зарыг  2016 оны наймдугаар 12-ноос эхлэн Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn  сайтаар нийтэд, нээлттэй мэдээлэхээр шийдвэрлэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж