Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Гурван минут. Дахиад гурван минут. Бидний “Оки”-г тэрхэн агшинд ялагдагч болгосон. Зүүн, зүүн баруун, дахиад зүүн. Энэ цохилт түүний, биш ээ, бидний зорилго, бас зорилт байсан. Хүн төрөлхтнөөс шалгарсан тэр тулаанчдын хэд нь Д.Отгондалай шиг байрныхаа зээлийг төлөхөөр тулалдаж, хэд нь ялсан бол оо. Бразил. Рио-де-Жанейро. Бокс. Зуны Олимпийн XXXI наадмын ес дэх өдөр/2016.08.14/ түүн шиг өрх, гэрээ, бас улсынхаа тугийг мандуулахаар хэн зүрхэлсэн гэж. Францын Софьян Умиа Д.Отгондалайг… Чадсан гэж үү? Мон-го-лия…

Энэ л үгэнд түүн шиг омогшиж, дараалсан цохилтоо хэн хийсэн билээ. “Оки” одоо уйлж суугаа. Тэр ялагдсандаа, Софьяаг дийлээгүйдээ бус өөрийнх нь хөдөлмөрийг, цохилтыг, уйгагүй үйлдлийг нь үнэлээгүйд тэр уйлж суугаа. Ар гэрээ бодоод алив боломж гарвал арга саам хайж, амьдралаа залгуулахыг хичээх залуусаас илүүтэй тэр гутарч суугаа. Тэр улсынхаа төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн. Тэр уруудаж биш өгсөж, буруугаар бус зөвөөр амьдралын хүнд бэрхийг давахаар шулуудсан. Дэлхийн бөөрөнхийгөөс шилэгдсэн мундагчуудын хэд нь байраа зээлээр аваад, авсан зээлээ хөлсөө урсгаж хөдөлмөрлөснийхөө төлөө шагналаараа төлдөг бол оо. Тэр уйлж суугаа. Байрны зээлээ төлж чадахгүй болсондоо бус монгол гэх омогшлыг дахин төрүүлж Бадар-Ууган ахынхаа авсан шиг алтыг авчирч чадаагүйдээ тэр уйлж суугаа. 1,2,3, жин… Шүүгчийн дуусгах дуун түүнд ямар хэцүү байсан бол оо… Нэг, хоёр, түүнийг ялласан. Гуравдугаар үе. Тэр өрсөлдөгчөө унагахаар улайрсан. Хүссэнээр нь болоогүй. Гэхдээ тэр Монголынхоо төлөө тулалдсан. Тулаанд ялагдаж бус яллуулсандаа уйлсан. Тэр илүүрхсэн ч илүүг нь үнэлээгүй. Гэлээ ч тэр зүтгэсэн. Зүтгэлийг нь үнэлээгүйд “урссан”. Монголчуудын алттай, мөнгөтэй байх эсэхийг шийдэх тулаанд “хийлгүүлсэндээ” тэр бөхийсөн…. Бразилийн Робсон Консейсан, Францын С.Умиа, Кубын Л.Альваресаас тэр дутаагүй. Гэхдээ тэр хүрэл медалийг ялагдаж бус ялсан хэрнээ авсан. Д.Отгондалай олимпийн онцлох тамирчин, монголчуудын баатар байлаа. Умиа түүнийг дийлээгүй. Дараагийн удаад таарч, дийлж гэмээнэ тэд ничнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж