Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдрөө/2016.08.14/ үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр манай боксын тамирчдын хувьд хариуцлагатай тулааныг хийсэн.
60 кг-д Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын Софьян Умиатай тоглохоор үлдээд байсан. Хоёр боксчны хувьд хүрэл медалийн болзол хангаж, улмаар медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулааныг хийлээ. Тоглолт 3:0 онооны харьцаагаар Францын Софьян Умиагийн ялалтаар өндөрлөлөө.
Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Хүрэл медалийн төлөө хариуцлагатай тулаанд Алжирын боксчин Реда Бенбазизийг хожин олимпийн наадмын медальтан боллоо. Медалийн өнгөө хувиргах тоглолтод Францын тамирчинд дийлдлээ.
Энэ жинд нийт 28 боксчин өрсөлдсөнөөс Бразилийн Робсон Консейсан, Францын С.Умиа, Кубын Л.Альварес болон Монголын Д.Отгондалай нарын шилдгүүд хагас шигшээд үлдсэн юм. Бразилийн Робсон Консейсан 2012 олимпийн хүрэл медальт Кубын Л.Альваресийг 3:0-оор хожин финалд тоглох эхний эрхийг аваад байсан. Тэгвэл удаах эрхийг Францын тамирчин С.Умиа авлаа. Тэд энэ сарын 16-ны өдөр алтан медалийн төлөө тоглоно.
Монголын боксын шигшээ баг Риог зургаан тамирчинтай зорьсноос 60 кг-д Д.Отгондалай хүрэл медаль хүртлээ. Азийн наадмын аварга, Азийн аварга Д.Отгондалай олимпийн медальтан болж байна.
Доржнямбуу ОТГОНДАЛАЙ
- 1988-01-28-нд төрсөн, Дорнод, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцлоо
- 2014, Азийн наадам, Алтан медаль, Инчён, БНСУ
- 2015, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль
- 2016, Олимпийн эрх олгох тэмцээн, Алтан медаль
- 2016, Олимпийн наадам, Хүрэл медаль, Рио-де-Жанейро, Бразил
- "Хилчин" спорт хороо
Боксын тамирчдаас одоо 56 кг-д Э.Цэндбаатар үлдлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой энэ сарын 16-ны өдөр тоглоно.
Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичарийг, удаах тойрогт Беларусын боксчин Д.Асановийг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдээд байна.
Ч.БОЛОР