Хуучирсан мэдээ: 2016.08.15-нд нийтлэгдсэн

Рио 2016: 9 дэх өдөр

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын/2016.08.14/ ес дэх өдөр манай баг тамирчдын хувьд хариуцлагатай тулааныг хийлээ. Энэ өдөр боксын тэмцээн болж буй "Риоцентро" ордон бидний хувьд илүүтэй анхаарлын төвд байсан. Учир нь гурван боксчны шийдвэрлэх тулаан энэ өдөр болсон. Д.Отгондалай мөнгөн медалийн төлөөх тулааныг хийж, бусад тамирчид цааш өрсөлдөх эрхийн төлөө тоглосон юм. Мөн эмэгтэйчүүдинй марафоны төрөл болж, манай хоёр тамирчин Риогийн замд уралдлаа. Ингээд ес дэх өдрийн тоймыг хүргэж байна.

МАРАФОН:

Анх удаа эрэгтэй 3, эмэгтэй 2 тамирчин олимпийн эрхийн нормативийг биелүүлж Риог зорьсон. "Афин-2004"-д цагаан хуудсаар оролцож байсан марафончид сүүлийн жилүүдэд эрхийн нормативийг биелүүлэн олимпийг зорьдог болсон. Тиймээс "Рио-2016"-д дөрвөн эрэгтэй тамирчин эрхээ биелүүлсэн. Олимпийн эрхийн дагуу гурван тамирчин Риог зорьсон юм. Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Гантулга, Ц.Бямбажав нар олимпийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр уралдана. 

42 км 195 метр зайг туулахын тулд тамирчид урьдчилсан шатнаас олимпийн эрхийн нормативийг биелүүлэх учиртай. Эмэгтэйчүүд энэ зайг 2 цаг 43 минутаас дотогш гүйсэн тохиолдолд оролцох эрхтэй байдаг. Энэхүү эрхийг ОУХМ Б.Мөнхзаяа анхлан биелүүлсэн бол хашир туршлагатай Л.Отгонбаяр мөн болзлыг хангасан. Ингээд тэд Риог зорьсон юм. Б.Мөнхзаяагийн хувьд анх удаагаа олимпийн наадамд өрсөлдсөн бол Л.Отгонбаярын хувьд Рио гурав дахь наадам нь байлаа. 

Наймдугаар сарын 14-ний өдөр болсон эмэгтэй марафонд 157 тамирчин гараанаас гарч 133 нь барианд орсон. Энэ зайг Б.Мөнхзаяа 2 цаг 43 минут 55 секундын амжилтаар туулж 72-р байр, Л.Отгонбаяр 2 цаг 45 минут 55 секундээр 85-р байрт орсон амжилтыг үзүүлсэн. Тэсвэр тэвчээр шалгасан 42 км 195 метрийн зайг Кенийн Ж.Сумгонг 2 цаг 24 минут 04 секундэд туулж олимпийн аварга болсон бол Бахрайны Кирва, Этиопын Марэ Дибаба нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

БОКС:

Боксын тэмцээний шийдвэрлэх тоглолтууд "Риоцентро" ордонд болж байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Э.Цэндбаатар Беларусын боксчин Д.Асановийг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдлээ.

Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичарийг ялж, шөвгийн 16-д үлдээд байсан бол Беларусын Д.Асановийг ялснаар шилдэг наймд багтсан. Асанов 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин байсан юм.

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой тоглоно. Америк боксчин эхний тойрогт хийлж, Бразилын Р.Жесусыг илүүрхэн хожжээ. Тэдний тулаан наймдугаар сарын 16-ны өдөр болно. Ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

Эрдэнэбат ЦЭНДБААТАР

  • 1996-10-16-нд төрсөн Архангай,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцож байна
  • 2016,  Химийн цом, Алтан медаль
  • 2016,  Чехийн Гранпри, Алтан медаль
  • Рио-2016 олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль
  • "Сүлд" спорт хороо

64 кг-ын жинд өрсөлдсөн Б.Чинзориг Оросын боксчин Виталий Дунайцевтай тулалдаж, 3:0-оор дийлдэн тэмцээнээ өндөрлүүллээ. 2015 оны дэлхийн аварга В.Дунайцев шөвгийн наймд үлдэж, хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.

Баатарсүх ЧИНЗОРИГ

  • 1991.09.21-нд төрсөн Улаанбаатар,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцлоо
  • 2014,  Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,  Алтан медаль
  • Химийн цом,  Алт,  Мөнгөн медаль
  • 2016,  Олимпийн эрх олгох тэмцээн,  Мөнгөн медаль
  • "Алдар" спорт хороо

60 кг-д өрсөлдөж буй Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын Софьян Умиатай тоглохоор үлдээд байсан. Хоёр боксчны хувьд хүрэл медалийн болзол хангаж, улмаар медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулааныг хийлээ. Тоглолт 3:0 онооны харьцаагаар Францын Софьян Умиагийн ялалтаар өндөрлөлөө.

Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Хүрэл медалийн төлөө хариуцлагатай тулаанд Алжирын боксчин Реда Бенбазизийг хожин олимпийн наадмын медальтан боллоо. Медалийн өнгөө хувиргах тоглолтод Францын тамирчинд дийлдлээ.

Энэ жинд нийт 28 боксчин өрсөлдсөнөөс Бразилийн Робсон Консейсан, Францын С.Умиа, Кубын Л.Альварес болон Монголын Д.Отгондалай нарын шилдгүүд хагас шигшээд үлдсэн юм. Бразилийн Робсон Консейсан 2012 олимпийн хүрэл медальт Кубын Л.Альваресийг 3:0-оор хожин финалд тоглох эхний эрхийг аваад байсан. Тэгвэл удаах эрхийн Францын тамирчин С.Умиа авлаа. Тэд энэ сарын 16-ны өдөр алтан медалийн төлөө тоглоно.

Доржнямбуу ОТГОНДАЛАЙ

  • 1988-01-28-нд төрсөн, Дорнод,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцож байна
  • 2014,  Азийн наадам, Алтан медаль,  Инчён,  БНСУ
  • 2015,  Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Алтан медаль
  • 2016,  Олимпийн эрх олгох тэмцээн,  Алтан медаль
  • "Алдар" спорт хороо

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж