Энхийг сахиулагчид сарын 1380 ам.долларын цалинтай

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид сарын 1380 ам.долларын цалинтай

Исламын Бүгд найрамдах Афганистан улсад болж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Бүгд найрамдах Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчид өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэ долоо хоногийн сүүлээр эх орноосоо мордох цэргийн албан хаагчдыг тусгай үүрэг гүйцэтгэх ажиллагаанд бэлтгэж, сэтгэл зүй, бие бялдрын тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх зэрэг сургалтад хамруулж бэлдсэн байна. 200 гаруй хүнээс сонгон шалгаруулсан энхийг сахиулагчид хоёр улс руу цэргийн, эмнэлгийн баг болон хуваагдан явна.

Энэ удаад энхийг сахиулагчдаар сонгогдсон цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүний 76 хувь нь өмнө нь Судан, Афганистан улсуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцож явсан туршлагатай. Жишээлбэл мэс заслын сувилагч, дэд ахлагч Б.Солонгын тухайд хоёр дахь удаагаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр явах гэж буй юм. Тэрбээр Судан улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд мэс заслын сувилагчын үүрэг гүйцэтгэж, энхийг сахиулагч болоод орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ.

Энхийг сахиулагчид ачаалал даах чадвар, тэсвэр тэвчээр, бие бялдар, сэтгэл зүйн хөгжлөөрөө цэргийн нийт бие бүрэлдэхүүнээсээ шалгарч халуун, үймээн ихтэй африкийн улсуудад үүрэг гүйцэтгэхээр морддог. Монгол Улсын Батлан хамгаалахын яам, ЗХЖШ-аас энхийг сахиулагчдад үүрэг гүйцэтгэх хугацаанд нь үндсэн цалинг нь тасалдахгүй олгодог байна. Мөн НҮБ-аас цэргийн албан хаагчдыг нэг сарын 1380 ам доллараар цалинжуулдаг юм. Өөрөөр хэлбэл, зургаан сар, нэг жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэхээс үл хамааран энхийг сахиулагч бүрт сарын 1380 ам доллар буюу төгрөгөөр тооцвол хоёр сая 760 мянган төгрөг, зургаан сарын хугацаанд 16 сая 560 мянга, нэг жилийн хугацаанд 33 сая 120 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байна. Гэхдээ дээрх мөнгөний 30 хувийг салбарын яам нь суутган авч Монгол Улсын хөгжлийн санд төвлөрүүлдэг юм.

Бүгд найрамдах Судан улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд Монголын цэргийн багийн нийт долоон ээлжийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна. Харин Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш нийт гурван ээлжийн цэргийн албан хаагчид энхийг сахиулан ажиллаж буй юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж