Монгол банк мөнгөний бодлогын хүүг 15 хувь болгон өсгөв

Хуучирсан мэдээ: 2016.08.19-нд нийтлэгдсэн

Монгол банк мөнгөний бодлогын хүүг 15 хувь болгон өсгөв

МОНГОЛ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 15 ХУВЬ БОЛГОН ӨСГӨВ

-Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж,  өчигдрөөс эхлэн БОДЛОГЫН ХҮҮГ 15 ХУВЬ болгон өсгөж байгаа юм байна. Ийнхүү бодлогын хүү 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдэж, 15 хувь боллоо.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албаны зарим томилгоог хийсэн байна. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилжээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилсон байна. Харин Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшинг, өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн нарыг тус тус томилжээ.

-Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий  Газрын мэдээлснээр нүүрсний экспорт хагас жилийн дүнгээр  9,6 сая тоннд хүрчээ. Одоогоор манай улс БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээрээ Австралийн араас бичигдэж байна. 2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт 14.4 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ жилийн хувьд 19 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна.

-Исламын Бүгд найрамдах Афганистан улсад болж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Бүгд найрамдах Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчид өчигдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Батлан хамгаалахын яам, ЗХЖШ-аас энхийг сахиулагчдад үүрэг гүйцэтгэх хугацаанд нь үндсэн цалинг нь тасалдахгүй олгодог байна. Мөн НҮБ-аас цэргийн албан хаагчдыг нэг сарын 1380 ам доллараар цалинжуулдаг юм. Өөрөөр хэлбэл, зургаан сар, нэг жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэхээс үл хамааран энхийг сахиулагч бүрт сарын 1380 ам доллар буюу төгрөгөөр тооцвол хоёр сая 760 мянган төгрөг, зургаан сарын хугацаанд 16 сая 560 мянга, нэг жилийн хугацаанд 33 сая 120 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байна. Гэхдээ дээрх мөнгөний 30 хувийг салбарын яам нь суутган авч Монгол Улсын хөгжлийн санд төвлөрүүлдэг юм.

-Монгол эрс архи, тамхины хэрэглээгээ багасгаж, хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэн өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болжээ. Хэрэв энэ жимээрээ эрэгтэйчүүд өөртөө анхаарлаа хандуулахгүй, өвдсөнөө ч тоохгүй, идэж, уухаа хязгаарлахгүй таргалалтаа хянахгүй, хэнэггүй яваад байвал Монгол Улсын жендерийн харилцаа алдагдан үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх юм. 

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өчигдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа. ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан гэлээ. Нөхцөл байдал ийм хүнд  байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан онцолжээ.

-Энэ сарын 22-ноос 25-ныг хүртэл шинэ болон хуучин хүүхдүүдийг бүртгээд, 26-ны өдөр элсэлтийн тасалбараар элсэх хүүхдүүдийг зохион байгуулна. Ноднин жил төрийн өмчийн 44 цэцэрлэгт уг үйл ажиллагааг зохион байгуулсан. Эцэг, эхчүүд завтай цагтаа ирж бүртгүүлээд, нэг өдөр цуглаад хүүхдээ цэцэрлэгт оруулах боломжтой гэж өчигдөр НБГ-аас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж