Г.Уянга: Өлсгөлөнгөө зогсоогоогүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Өлсгөлөнгөө зогсоогоогүй байна

Амлалт нэхэх ард түмний холбоо болон иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл өчигдөр 15.15-19.40 цаг хүртэл УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, багагүй зүйл дээр тохиролцоонд хүрсэн байна. Энэ талаар Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу. Бие нь гайгүй юу?

-Гайгүй дээ.

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй өчигдрийн турш та бүхэн ярилцсан. Хэлэлцээр нэлээд нааштай болсон гэж сонслоо. Яг ямар зүйл дээр тохиролцоонд хүрсэн бэ. Бүх ард түмний дунд УИХ-д итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явуулъя гэж байсан, түүнийг ажлын хэсгийн төвшинд хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох уу?

-Яг ч бас санал асуулга явуулахыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Өнөөдөр бид бас УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Гэхдээ тодорхой шийдлүүдэд хүрсэн. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя, бас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

-Өөр ямар тохиролцоонд хүрсэн бэ?

-Одоогоор иймэрхүү л тохиролцоонд хүрээд байна даа.

-Өлсгөлөнгөө та бүхэн өнөөдрөөс зогсоох уу?

-Өлсгөлөнгөө одоо үргэлжлүүлж байна, гэхдээ бараг зогсоочих болов уу. Өнөөдрийн хэлэлцээрээр эцэслэн шийдэх учиртай.

-УИХ-аас ирүүлсэн мэдээгээр та бүхний тавьсан шаардлагыг бүлэг,  байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ гэж. Тэгэхээр та бүхэн тэр болтол тэмцлээ яана гэсэн үг вэ. Цаг хугацаа нэлээд шаардах бололтой?

-Хэсэг хугацаанд бид УИХ-д цаг хугацаа өгнө. Түүний дараагаар асуудлаа дахиад тавина даа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж