Амралтын өдрүүдэд ч дугаарын хязгаарлалт үйлчлэх нь зүйтэй гэж нийслэлчүүд санал өгчээ. Энэ дагуу маргаашаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Зунжин амарсан нийслэлийнхэн ч ажилдаа орж, оюутан залуус хөдөөнөөс хотыг зорьж ирдэг. Тиймээс амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал асуусан. Санал асуулгад оролцогчид дугаарын хязгаарлалт хийх нь зөв гэж үзжээ. Санал асуулгын дагуу маргаашаас эхлэн автомашинууд улсын дугаарын тэгш сондгойгоос шалтгаалан амралтын өдөр хязгаарлалтад орох нь. Хэрвээ таны машины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол бямбад чөлөөтэй зорчино, харин нямд зорчих боломжгүй. Сондгой тоотой машины хувьд нямд зорчиж, бямбад зорчих боломжгүй юм. Тодруулбал:
Таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон
- тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн бол наймдугаар сарын 20, 27-ны Бямба гаригт,
- сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн бол энэ сарын 21, 28-ны ням гаригт замын хөдөлгөөнд оролцоно.
Зуны хязгаарлалтын бүсэд 08.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ.
Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулав.
Д.ЦЭЭНЭ