-Төв банкны захирлуудын гаргасан шийдвэр хамгийн муу үндэсний валютаар тодроод байгаа төгрөгийн уналтыг тогтворжуулах эрсдэлтэй ч цаанаа эдийн засагт урт хугацаандаа барих бодлого биш-
Монголбанкны шинэ удирдлагууд хатуу мөнгөний бодлого барихаа зарлалаа. Энэ нь төгрөгийн уналтыг хязгаарлах төв банкны сүүлийн арга гэж хэлж болно. Төв банкны Захирлуудын зөвлөл хуралдаж, өмнөх захирлуудын баримталж байсан мөнгөний зөөлөн бодлогыг халж, өмнө нь 10.5 хувьтай байсан бодлогын хүүгээ 4.5 хувиар огцом өсгөн 15 хувьд хүргэснээр зээл олголт хумигдахаар болж байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү өсвөл зээлийн хүү нэмэгддэг. Зээлийн хүүг нэмснээр зээл олголт буурна гэсэн үг.
Өнгөрсөн дөрвөн жил Монголбанк мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлсэн. Мөнгөний зөөлөн бодлого нь хөрөнгө оруулалтыг татах, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, ажилгүйдлийг багасгахад чиглэгддэг.
Тэгвэл төв банкны шинэ удирдлагуудын хэрэгжүүлэхээр шийдсэн мөнгөний хатуу бодлого нь зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг багасгахад чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадварыг тогтворжуулах буюу ханшийн уналтыг хязгаарлах арга юм. Гэвч, нөгөө талдаа үндэсний үйлдвэрүүд хаалгаа барих эрсдэл бий.
Ийнхүү төв банк өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд ханшийн өсөлттэй хатуу бодлогоор тэмцэхээр шийджээ.
Сар гаруйн хугацаанд 300 төгрөгөөр нэмэгдээд байгаа ам.долларын эсрэг тавьсан төв банкны төгрөгийн уналтыг барих бодлого түр зууртаа валютын өсөлтийг хязгаарлах ч хэрэв урт удаан хугацаанд мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлбэл, харин ч эсрэгээрээ эдийн засгаа дампууруулах эрсдэл бий. Учир нь үндэсний үйлдвэрүүд хүүгийн дарамтанд орж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж болзошгүй юм.
Мөнгөний хатуу бодлогын араас төв банк, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт дифляци бий болох эрсдэл ч биднийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, төв банкны захирлуудын гаргасан энэ шийдвэр хамгийн муу үндэсний валютаар тодроод байгаа төгрөгийн уналтыг тогтворжуулах сайн талтай ч цаанаа эдийн засагт урт хугацаандаа барих бодлого биш гэдгийг эдийн засагчид хэлдэг. Хэрэв Засгийн газар араас нь авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэхгүй бол ирэх жил гэхэд Монголын эдийн засаг дифляцид “идэгдэх” аюул хүлээж буйг хэлэхгүй өнгөрч боломгүй.
Учир нь эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах мөнгөний зөөлөн бодлогыг улс орнууд хэрэгжүүлдэг. Энэ оны эхээр гэхэд л Япон улс бодлогын хүүгээ хасах руу оруулсныг дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай, үнэт цаасны болоод таваарын зах зээл тогтворгүй байгаа үед дифляцийн хямралаас гаргах арга хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байсан юм.
Ийнхүү мөнгөний хатуу бодлогын араас төв банк, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт дифляци бий болох эрсдэл ч биднийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл, төв банкны захирлуудын гаргасан энэ шийдвэр хамгийн муу үндэсний валютаар тодроод байгаа төгрөгийн уналтыг тогтворжуулах сайн талтай ч цаанаа эдийн засагт урт хугацаандаа барих бодлого биш гэдгийг эдийн засагчид хэлдэг. Хэрэв Засгийн газар араас нь авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэхгүй бол ирэх жил гэхэд Монголын эдийн засаг дифляцид “идэгдэх” аюул хүлээж буйг хэлэхгүй өнгөрч боломгүй.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн талаар Засгийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.
Эндээс харахад төв банкны хатуу бодлогын араас “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих болов уу гэсэн таамаглал байна. Чухамдаа өнөөдрийн эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн бодитой хийгээд ганц гарц бол “Стэнд бай” гэж эрх баригчид харж буй нь нэгэнтээ ойлгомжтой байгаа билээ. Энэхүү эдийн засгийн “өвдөлт”-өөс монголчууд их л хохирол амсч байж гарах болов уу даа.
Ж.ЭРХЭС