Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын 13 дахь өдөр/2016.08.18 чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.
“Olympic Training Center–Hall 3” спортын ордонд болсон тэмцээнд 53 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг нар өрсөлдсөн ч медaль хүртэж чадсангүй.
Анх удаа таэквондогийн төрлөөр олимпийн эрхийг аван оролцож байгаа П.Тэмүүжин эхний ялалтыг авч Монголын багт ихээхэн итгэл найдварыг өгсөн юм.
Ингээд 13 дахь өдөр манай тамирчин ямар амжилтыг үзүүлэв.
ЧӨЛӨӨТ БӨХ:
Эмэгтэйчүүдийн барилдаанаар эхэлсэн олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн бидний гол найдвар байлаа. Эхний өдөр Гавьяат тамирчин О.Насанбурмаа, залуу тамирчин П.Орхон нар медалийн төлөө өрсөлдөж чадаагүй. Тиймээс олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа нарт ихээхэн хариуцлага ирсэн. Гэхдээ тэд хараахан медалийн төлөө өрсөлдөх эрхийг авч чадсангүй.
53 кг:
Энэ жинд нийт 19 бөх барилдсан. Э.Сумъяа эхний тойрогт Польшийн бөх К.Кравцыктай барилдаж 8:6 онооны харьцаагаар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Польш бөх цааш финалд шалгараагүй учир манай бөхөд дагах барилдаан гарсангүй.
Эрдэнэчимэг СУМЪЯА
- 1990-02-28-нд төрсөн, Архангай, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцлоо
- 2013, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль
- 2013, Оюутны Универсиад наадам, Мөнгөн медаль
- 2013, Дэлхийн цом, Мөнгөн медаль
- "Хилчин" спорт хороо
63 кг:
Энэ жинд нийт 19 бөх барилдсан. С.Батцэцэг эхний тойрогт Нигерийн бөх Б.Оборудудутай таарсан. Хүндхэн барилдаанаас гавьяат маань ялалт авч шөвгийн наймд үлдсэн ч АНУ-ын Елена Прижковад ялагдсан. Орос гаралтай АНУ-ын бөх финалд шалгараагүй учир манай бөх дагах барилдаан гараагүй юм.
Бразилд очоод баруун мөрөндөө бэртэл авсан С.Батцэцэгт эхний барилдаанаас эхлээд хүнд байгаа нь харагдсан. Тэрээр Нигэрийн бөхтэй барилдах үедээ хожигдож явсан ч цаг дуусахын өмнө ард нь гарч 2 оноо аван 3-1-ээр ялсан. Хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Орос гаралтай АНУ-ын бөх Елена Прижковатай барилдахдаа оноо авч чадалгүй байсаар 3:2-оор ялагдлаа.
Соронзонболд БАТЦЭЦЭГ
- 1990-05-03-нд төрсөн, Архангай, Монгол Улс
- Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
- Лондон-2012 олимпийн наадам, Хүрэл медальт
- 2010, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль
- 2015, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль
- "Хилчин" спорт хороо
ТАЭКВОНДО:
Олимпийн наадамд анх удаа таэквондогийн төрлөөр эрх аван оролцож байгаа тамирчин П.Тэмүүжин юм. Тэрээр эрэгтэйчүүдийн 68 кг-д өрсөлдөж, шилдэг наймд үлдлээ.
Манай тамирчин Мексикийн Саул Гутьрресийг /12:11/ ялж, Испанийн Г.Бониллад 7:4-өөр дийлдсэн. Олимп, дэлхийн аварга Бонилла шилдэг дөрөвт багтаж, Йорданы тамирчинд хожигдсоноор манай тамирчинд дагах тоглолт гарсангүй.
П.Тэмжүүжин таэквондогийн төрлөөр олимпийн наадамд оролцсон анхны тамирчин төдийгүй анхны ялалтын эзэн боллоо.
Пүрэвжав ТЭМҮҮЖИН
- 1994-06-02 Дархан хот, Монгол Улс
- Олимпийн наадамд анх удаа оролцож байна
- 2013, Зүүн Азийн наадам, Хүрэл медаль
- 2013, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алт, Хүрэл медаль
- 2016, Олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль
- "Алдар" спорт хороо
Ч.БОЛОР