Нийслэлийн
Цагдаагийн газраас гаргасан мэдээллээр бол наадмын өдрүүдэд гэмт, хэрэг зөрчил
багагүй гарчээ. Дийлэнх хэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой
аж. Зөвхөн улсын баяр наадмын эхний өдөр гэхэд л Улаанбаатар хотын хэмжээнд
эрүүлжүүлэгдсэн иргэний тоо 169-д хүрсэн бол долдугаар сарын 12-нд 129 болж
буурч, уяачдын баярын өдөр 149-д хүрч өсчээ. Эрүүлжүүлэх байранд хоносон
иргэдийн хувьд олонх нь архи хэтрүүлэн ууснаас авир гаргаж, агсан согтуу тавин,
ар гэрийнхнийхээ амар тайван байдлыг алдагдуулагсад байжээ.
Гэмт хэргийн
тухайд долдугаар сарын 11-нд иргэд, аж ахуйн нэгжээс цагдаагийн байгууллагад
нийт 1086 удаагийн дуудлага
иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд
шалгаж эхэлсэн байна.
Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 47 хэргийн 38-ынх нь эзэн холбогдогчийг нь
тогтоожээ. Уг хоногт нийслэлд
хулгайн дөрөв, танхайн дөрөв, бусдын биед гэмтэл учруулсан зургаа, зам тээврийн хэрэг 15, осол
28 бүртгэгджээ. Гэмт хэрэг, осол аваарын
улмаас 23 хүн хүнд хөнгөн
бэртэл авч, эмнэлэгт хандсан бол нэг хүн нас баржээ.
Долдугаар
сарын 12-нд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн
827 дуудлага ирсэн байна. Эдгээрийг нэгбүрчлэн шалгаж, гэмт
хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ. Дээрх хоногт нийслэлд хулгайн зургаа, танхайн хоёр, бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, зам тээврийн хэрэг 18, осол 31
бүртгэгдэж, 18 хүн гэмтэж, нэг
хүн нас барсан аж.
Наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр
иргэдээс 757 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн
холбогдох нэгжүүд шалгаж буй юм
байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 46 хэргийн 45-ынх нь эзэн
холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Уг хоногт нийслэлд хулгайн тав, танхайн 10, бусдын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг тав, зам тээврийн хэрэг 17, осол 17 бүртгэгдэж, 27
хүн гэмтсэн байна.
Г.Дарь