“Эрдэнэс Монгол” компани 2015-2017 оны стратегийн шинэчлэлийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлээд жил орчим болж байна. Энэхүү хөтөлбөрийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өчигдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.
2015-2017 оны стратегийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2015 оны бодит жишээн дээр харвал “Эрдэнэс Монгол” компанийн охин, харьяа компаниуд улсын төсөвт хамгийн том татвар төлөгч болсон. Уг байр сууриа ирээдүйд тогтвортой хадгалах, уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар, хамгийн өндөр бүтээмжтэй явуулна гэж төлөвлөж байгаагаа “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэллээ.
“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтаар эхлэлээ тавьж дэд бүтцийн салбарт хөл тавьсан тус компани цаашид эрчим хүчний салбарт шинэ бизнес бий болгох зорилготой ажиллаж байгаа аж. “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад 7600 орчим хүнийг ажлын байраар хангажээ. Гүний уурхайн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 1000 гаруй хүнийг шинээр ажилд авсан байна. Төлөвлөсөн ёсоор гүний уурхайн бүтээн байгуулалт долоон жил өрнөнө. Өнгөрсөн өвөл санхүүгийн асуудлаа шийдэж дэлхийн томоохон хөрөнгө оруулагчтай гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтаа татаж эхэлсэн тул ажил ид өрнөж байна. Энэ ажилтай холбоотой түүхий эд татах, ажлын байраар хангахаас эхлээд дотоодын зах зээлд нэмэр туслалцаа болох олон хүчин зүйл бий болж байгааг тэрээр хэлсэн юм.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ засаглал сайн байх ёстой, улс төр, Засгийн газрын нөлөөллөөс аль болох бага байвал өөрийн удирдаж байгаа хөрөнгийг нэмэх бүрэн боломжтой гэж онцоллоо. Дашрамд дуулгахад 2016 оны байдлаар 1 тэрбум ам.долларын хөрөнгө удирдаж байна. Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлснээр ирээдүйд 10 тэрбум ам.долларын хөрөнгө удирдах зорилт тавьжээ.
Стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд бизнесийн зарчмаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн байна
“Эрдэнэс Монгол” компанийн хувьцааг Засгийн газар эзэмшдэг ч гэлээ хувийн компанийг бодвол маш олон бизнес эрхлэгчтэй харьцах шаардлагатай болдог байна. Өнөөдрийн байдлаар гаднаас хөрөнгө оруулалт татахгүй бол дэд бүтэц болоод, эрчим хүчний төсөл хэрэгжих боломжгүй учраас байнга гадны хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож, хамтарч ажилсаар иржээ. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчтай харьцаад зогсохгүй байгаль орчин, эрүүл ахуй бусад салбарын ТББ-тай хамтарч ажилладаг байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болдог аж.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол”-ын нэгдэл компаниудад 10 гаруй мянган хүн ажиллаж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд компанийн сайн засаглалын практикийг хэрэгжүүлж эхэлсэн
Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар Хүний хөгжлийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг компанийн хуулийн дагуу явуулна гэсэн заалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл бизнесийн салбарт бусад компаниудтай ижил дүрмээр тоглох боломжийг олгожээ.
– Засгийн газрын эзэмшдэг компаниудын зарим нэг нь илүү эрх дархтай, зарим нэг нь хязгаарлагдмал эрх ашигтай мэт хандлага байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд нэлээд их судалгаа хийсэн байна. Тухайлбал Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарч ажиллаад “Эрдэнэс Монгол” компанийн засаглалын үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээн дээр тулгуурлан олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.
– Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх чиглэлээр ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг олон улсад нээлттэйгээр зарлан явуулсан байна. Үүний үр дүнд “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ нь мэргэшиж, хөгжингүй орнуудын санаачилга, туршлагад тулгуурлан компанийн стратегийн удирдлагатай болно гэж үзэж байгаа аж.
2012-2015 оны нэгдэл компанийн хэмжээнд Монгол Улсын төсөвт татвар төлбөр хураамж хэлбэрээр нийт 1,8 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ. “Эрдэнэс Монгол” компанийн нэгдэл компаниуд хамгийн том татвар төлөгч гэсэн байр сууриа цаашид улам бэхжүүлж, боловсрол, нийгмийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэлээ.
Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэгт тооцогддог “Эрнст энд Янг” компаниар нэгдэл компаниуддаа аудит хийлгэж байгаа аж. Ингэснээр олон улсын зах зээл дээрх хөрөнгө оруулагч, банк санхүүгийн тоглогч нартай хамтарч ажиллахад дөхөм болж, нэг хэл дээр бичигдсэн баримт бичигтэй болох аж.
Зээлжих зэрэглэл сайн байх тусам санхүүжилтийн өртөг буурдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалтын түвшний зээлжих зэрэглэлийг олж авахын төлөө ажиллаж байгаа юм байна. Ийм зэрэглэлтэй болох нь стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийн нэг зорилго гэж тэрээр хэллээ.
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурсан тул бага зардлаар үйл ажиллагаа явуулснаар хүнд нөхцлийг даваад, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс уг асуудал бидний ойрын хугацааны зорилт гэж тэрээр хэллээ.