Цэцэрлэг, сургуулийн засвар 80-98 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.08.19-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг, сургуулийн засвар 80-98 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр /2016.08.19/ зарим цэцэрлэг, сургуулийн хичээлийн шинэ жилийн засварын ажилтай танилцлаа. Эхний сургууль Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Хайлаастын эцэст байрлах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын угсралтын ажил байлаа.

Тус цогцолбор нь цэцэрлэгийн насны 120, бага сургуулийн 160 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар цэцэрлэгийн гадна талбайд уурын зуух барих, бохирын шугам сүлжээнд холбох ажлын тендерт маргаан гарч, хоёр ч удаа цуцлагдсан учраас барилгын ажил удааширч байгааг гүйцэтгэгч “Нью констракшн” компанийн ерөнхий инженер Г.Бат-Эрдэнэ хэллээ. Нийслэлийн төсвөөр баригдаж буй хоёр цогцолбор, улсын төсвөөр баригдаж буй 150 хүүхдийн хүчин чадалтай гурван цэцэрлэгийн барилгын ажил төсөв санхүү болон тендерийн маргаантай асуудлаас болж удааширч байгаа учраас Нийслэлийн Засаг дарга ийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм байна.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Амаржаргал “Энэ цэцэрлэг ноднин жил баригдаж, ашиглалтад орно гэж байсан. Одоо хүртэл ашиглалтад ороогүй л байна. Манай  хороонд цэцэрлэг байхгүйгээс 15 дугаар хорооны 102 дугаар цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулдаг. Манай гэр бүлд цэцэрлэгийн насны хоёр, гурав, таван настай гурван хүүхэд бий. Цэцэрлэгт орохоор гурвуулаа сугалаа татсан боловч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Энэ жил цэцэрлэгт бүртгүүлэхээр дугаарласан чинь бас л сугалаагаар шийднэ гээд тараасан. Хоёр хорооны хүүхэд хамрагддаг  102 дугаар цэцэрлэг энэ жил 45-хан хүүхдийн элсэлт авна гэж байна” хэмээн учирлаж байв.

Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэгт шинээр 11 цэцэрлэг, сургуулийн барилга баригдсанаар 1460 орон тоо шинээр нэмэгдэх юм байна. Одоогийн байдлаар эдгээрээс гурван барилга нь есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох гэнэ.

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир “Манай дүүрэгт шинээр баригдаж буй 11 барилгын ажлын явц 80-98 хувьтай байгаа. Эдгээр барилгын ажлуудын санхүүжилтийг шийдчихвэл 10 дугаар сарын 15 гэхэд есөн барилга нь ашиглалтад орно. Үлдсэн хоёр барилга нь ажлынхаа гэрээгээр 12 дугаар сарын 25-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

Энэ жил Чингэлтэй дүүргийн хэмжээнд 16249 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бөгөөд цэцэрлэгийн хүчин чадлаараа 11 мянга орчим хүүхдийг энэ жил цэцэрлэгт хамруулах судалгаа гарчээ.

Мөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд 600 орчим хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байв. Харин хувийн өмчийн 25 цэцэрлэгт 3000 орчим хүүхдийг хамруулах боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж