Хоёр сар хэртэй хоригдоод батлан даалтад гарчихаад байгаа Хятадын зураач Аи Вэйвэй Берлиний их сургуульд багшлах урилгыг хүлээж авсан тухай тус сургууль мэдээллээ. Түүнд энэ санал хоригдохоос нь өмнө ирсэн байсан юм. Хэзээ эх орноосоо явах эсэх нь харин тодорхойгүй байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан бөгөөд өмнөд хөршийн эрх баригчид татварын хэргээр шалгаж байгаа хэмээн тайлбар өгсөн. Батлан даалтад гаргасныхаа маргааш нь 12 сая юаны татвар болон торгууль төлөхийг тушаасан билээ. Аи Вэйвэйг Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг гаргасан гэдгээр нь дэлхий нийт сайн мэднэ.